Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймагт сүүлийн гурван жилд хууль бусаар бэлтгэсэн 1086 кг арцыг хураан авч, ургамлын аймагт учирсан 781.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулсан нь байгалийн ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглалтыг зохицуулах шаардлагыг харуулж байна.
Үүнтэй холбогдуулан тус аймаг байгалийн ургамал ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоохоор иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар Байгаль орчны газраас мэдээллээ.
Санал асуулгыг Байгалийн ургамлын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол орны ургамлын санг нэн ховор, ховор, элбэг гэж ангилдаг бөгөөд ургамлын нөөц, тархац, экологийн ач холбогдол, ашиглах эрхийн онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан төлбөрийн хэмжээг тогтоодог.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний нэн ховор ургамалд 25-30, ховор ургамалд 15-20, элбэг ургамалд 5-10 хувиар төлбөр тооцохоор заажээ. Харин Завхан аймгийн ИТХ эдгээр хязгаарт багтаан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй юм.
Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы орчмын хонин арц нь нэн ховор ургамалд хамаардаг. Хонин арц нь өндөр уулын хад асгатай газарт ургадаг, байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар сул тул үндсээр нь сугалж түүх нь тухайн ургамлын нөөцөд сөргөөр нөлөөлдөг онцлогтой.
Аймгийн Прокурорын газрын мэдээлснээр, сүүлийн гурван жилийн хугацаанд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн найман хүнд холбогдох найман хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Эдгээр хэргийн улмаас нийт 1086 кг арц хураан авч, ургамлын аймагт учирсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулсан байна.

Завхан аймгийн хангайн бүсийн ой, уулын экосистемд хуш, нарс, гацуур зэрэг шилмүүст мод,
ойн дагалт нөөцөд үхрийн нүд, аньс, нэрс, улаалзгана, тошлой зэрэг зэрлэг жимс ургадаг.
Эдгээр нь байгалийн нөхөн сэргэх нөөцийг хамгаалах, хүнс, эмийн түүхий эдийн зохистой ашиглалтыг зохицуулахад анхаарах шаардлагатай ургамлын нөөц юм.
Иймээс байгалийн ургамал ашигласны төлбөр, хураамжийг шинэчлэн тогтоохдоо ургамлын төрөл зүйл, тархац, нөөцийн хэмжээ, нөхөн сэргэх чадвар, ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзах нь чухал байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 2026 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах холбоосоор нэвтэрч саналаа ирүүлэх боломжтой гэлээ. Санал өгөх холбоос: