Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улиастай, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завханы суурин газруудад өвөлждөг шувууд нь байгалийн амьдралын нэгэн сонирхолтой хэсэг төдийгүй хүүхэд, залуусыг шувуу ажиглах, байгалиа танин мэдэхэд хөтлөх боломжийг бүрдүүлж байна.
Намрын адаг сар шувтарч, өвлийн эхэн сар эхэлж байгаа хүйтэнд гол мөрөн хөлдөж, байгаль нам гүм болох энэ үед Улиастай сумын Богд, Чигэстэй голын харзалсан хэсэгт ангир, нугас үзэгдэх нь нутгийн иргэд төдийгүй хүүхэд, залуусын сонирхлыг татах өвөрмөц үзэгдэл болдог.
Тухайлбал, өнгөрсөн өвөл Чигэстэй голын харзалсан хэсэг, эрэг дагуух бургасанд хэд хэдэн ангир, нугас өвөлжин үлдсэн бол энэ жил мөн голын тохой, харзтай хэсгээр ангир болон цөөн тооны нугас үзэгдэж эхэлжээ.
Харин суурин газрын өнгө төрхийг чимдэг, нутгийн иргэдийн сайн мэдэх шувуудын нэг нь улаан хошуут жунгаа юм. Шинжлэх ухаанд /Pyrrhocorax pyrrhocorax/ хэмээн нэрлэдэг энэ шувуу нь хэрээний овогт багтдаг бөгөөд хар өнгийн өд, тод улаан ягаан махир хошуу, улаан хөлөөрөө бусад шувуудаас ялгардаг.
Жунгаа нь хад цохио, уулын энгэр, зарим тохиолдолд байшин барилгын дээвэр, хонгилд үүрлэдэг. Хаврын сүүлчээр үүрээ засаж, хосоороо болон сүрэглэн амьдардаг суурин шувуу юм. Харин залуу жунгааны хошуу эхэндээ богино, шаргалдуу байдаг тул шар хошуут жунгаатай андуурагдах нь бий.

Улиастай орчимд ажиглагддаг бусад шувуудаас хөхвөр тагтаа, алаг шаазгай, хар хэрээ, хон хэрээ, бор шувуу, шивэрэнхэт бялзуухай зэрэг нь суурин газрын орчинд өвөлжихөд дасан зохицжээ.
Завхан аймгийн төв болон бусад сумын суурин газарт жилийн дөрвөн улиралд амьдрахад зохицсон хэрээний овгийн шувууд, тагтаа, бор шувуу зэрэг түгээмэл тохиолдож голын харз, задгай ус даган зарим усны шувууд өвөлжиж үлдсэн энэ үед, шувуудыг ажиглахдаа голын ай сав орчимд хог хаяхгүй байх, амьдрах орчныг нь бохирдуулахгүй байх.
Шувуудыг үргээж тайван байдлыг нь алдагдуулахгүй байх нь чухал юм. Мөн хүний хэрэглэдэг давс, амтлагчтай хоолны үлдэгдэл зэргээр тэжээхээс зайлсхийхийг Завхан аймгийн Байгаль орчны газраас зөвлөлөө.