Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw
migaa0033@gmail.com

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Улиастай сумын иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж байна.
Энэхүү үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх бодлогын хүрээнд зохион байгуулж байна.
Үзлэгийн багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд ажиллаж, рентген, спирограмм шинжилгээ хийхээс гадна уушги, сүрьеэ, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна.
Завхан аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүрьеэгүй Завхан” хөтөлбөрийг 2025–2028 онд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна.
Тус үзлэгийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг ч хамруулж байгаагаараа онцлог юм. Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 6-аас Улиастай сумын Жинст багаас үзлэгээ эхлүүлж 230 гаруй иргэнийг хамруулсан талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.