Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх сумын нутгаар цас орж, томоохон даваануудад халтиргаа гулгаа үүссэн тул замын хөдөлгөөнд оролцогчдыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Өнөөдрийн 10:30 цагийн байдлаар Загастайн даваанд 3-5 см цас орж, халтиргаа гулгаа ихтэй байгаа ч авто машины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Мөн Ганц, Солонготын даваанд халтиргаа гулгаа үүссэн байна. Үүнтэй холбогдуулан Завхан АЗЗА ТӨХК-иас хоёр авто машин, найман хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг ажиллаж, замын нөхцөл байдалд хяналт тавин, халтиргаа гулгааг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг хийж байна.

Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, Сонгино сум хамгийн их буюу 18 см, Баянхайрханд 12 см, Тэс, Баянтэс, Түдэвтэйд 11 см цасан бүрхүүл тогтсон байна. Харин Идэр, Цэцэн-Уулд 8 см, Яруу, Тэлмэн, Цагаанхайрханд 6 см, Улиастайд 5 см, Цагаанчулуутад 4 см, Эрдэнэхайрхан, Сантмаргазад 3 см, Отгон, Нөмрөг, Алдархаан, Их-Уулд 2 см, Шилүүстэй, Тосонцэнгэлд 1 см цастай байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр Завхан аймгийн нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүсээр салхи зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Иймд жолооч нар өвлийн дугуйгаа бүрэн сольж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд дугуйн гинж, бусад хэрэгслийг бэлтгэх, хурдыг замын нөхцөлд тохируулахыг зөвлөж байна. Малчид салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг анхаарууллаа.