Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Олимпын хорооны санаачилгаар зохион байгуулж буй “Спортын алдартан-Бидний бахархал” уулзалт болж, олимпын медальтнууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 600 гаруй суралцагчтай уулзсан талаар аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ.
Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” зуны олимпын наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин, “Рио-2016” зуны олимпын наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар хүндэт зочноор оролцов. Энэ үеэр олимпын медальтнууд спортын замнал, олон жилийн хөдөлмөр, амжилтад хүрэхэд тулгарсан бэрхшээл, түүнийг даван туулсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн хүүхэд, залуусын сонирхсон асуултад хариулж, спортод амжилт гаргахад авьяас чадвараас гадна тууштай байдал, сахилга бат, тэсвэр хатуужил чухал болохыг онцолсон юм.

О.Гүндэгмаа нь буудлагын спортоор, Д.Отгондалай нь боксын спортоор олимпын медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан тамирчид юм. Тэдний амжилтын түүх, амьдралын туршлага өсвөр үеийнхэнд спортын үнэ цэнийг ойлгуулах, өөрийн зорилгоо тодорхойлох, түүндээ тууштай тэмүүлэхэд үлгэр дуурайл боллоо.
Сонирхуулахад, Монголын Үндэсний Олимпын Хорооны ажлын баг энэ сарын 9-нөөс Завхан аймагт ажиллаж, олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, спортын үнэ цэн, олимпын үзэл санааг сурталчлах чиглэлээр уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулж байна.
“Спортын алдартан-Бидний бахархал” уулзалт нь өсвөр үеийнхэнд олимпын амжилтыг ойроос танин мэдэх, спортын алдартнуудаас суралцах, бие бялдрын хөгжил төдийгүй хувь хүний сахилга бат, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

