Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн ложистикийн дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор “М-Си-Эс” группийн “Тотал Дистрибюшин” ХХК олон улсын жишигт нийцсэн шинэ агуулах барьж, ашиглалтад оруулсан талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Нийт 1080 ам.метр талбай бүхий тус агуулах нь хүнсний болон гэр ахуйн барааны зориулалтаар тусгаарласан хадгалалтын хэсэг, 76 ам.метр талбайтай хөргүүр, ачаа буулгах, ачих зориулалтын стандарт хэсэгтэйгээрээ онцлог юм.
Түүнчлэн хөргүүртэй авто машиныг агуулахтай шууд холбох боломжтой орлого, зарлагын хэсэг, агаар сэлгэлтийн систем, стандарт гэрэлтүүлэг, гал унтраах автомат төхөөрөмжийг суурилуулжээ.
Ажилтнуудын ая тухтай, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн оффис, гал тогоо, амрах хэсэг, ариун цэврийн болон шүршүүрийн өрөө, автомашины зогсоол, гараашийг цогцоор нь шийдсэн байна. Мөн халаалтад утаа, тортог ялгаруулахгүй эко технологийн автомат уурын зуух ашиглахаар төлөвлөсөн бөгөөд уг бүтээн байгуулалтын хүрээнд орон нутагт 14 шинэ ажлын байр бий болжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Тотал дистрибюшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Очирбат, салбарын дарга Э.Сосорбурам, Улиастай сумын орлогч дарга Б.Батлхагва болон компанийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбат “Энэхүү агуулах нь манай компанийн 16 дахь стандарт агуулах болж байна. Өмнө нь бусад аймагт хэрэгжүүлсэн агуулахын шинэчлэл, сайжруулалтын туршлагыг нэгтгэж, шинэ шийдлүүдийг нэвтрүүлсэн бүтээн байгуулалт боллоо. Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд Завхан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий” хэмээн онцоллоо.
Харин аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр орон нутагт хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан орчинд хадгалах, түгээх дэд бүтэц бий болж байгаад талархал илэрхийлж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
“Тотал дистрибюшин” ХХК нь 2017 оноос эхлэн улсын хэмжээнд агуулахын шинэчлэлийн төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд компанийн албан ёсны мэдээллээр 21 аймаг, 283 сум сууринд үйл ажиллагаагаа хүргэж, 6000 гаруй харилцагчтай хамтран ажиллаж байна.

Тус компанийн удирдлагууд орон нутагт стандартын шаардлага хангасан агуулах байгуулахаар зорьж буй аж ахуйн нэгж, иргэдэд өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.