Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастайн Богд, Чигэстэйн гол дээрх нийт 290.03 урт метр төмөр бетон гүүрүүд болон тэдгээрийг холбосон 1.1 км хатуу хучилттай авто замыг 11 дүгээр сарын 4-нд ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Уг бүтээн байгуулалт нь Улиастай хотын авто замын сүлжээг өргөтгөх, баг хоорондын тээврийн холбоог сайжруулах, иргэдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд барилгын ажлыг 2024 оноос эхлүүлжээ.
Төслийн хүрээнд Чигэстэйн гол дээр 120.96, Богдын гол дээр 169.08 урт метр төмөр бетон гүүр барьж, холбогдох 1.1 км авто замыг хатуу хучилттай болгосон байна. Гүүрийн зорчих хэсгийн өргөн 8 метр, авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр юм.

Тус бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 19.79 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, барилгын ажлыг “ЗМЗ” ХХК гүйцэтгэжээ.
Өмнө нь Богдын гол, Товцог, Өлзийт багийн чиглэлд зорчих хөдөлгөөн цөөн тооны замын холбоосоос хамааралтай байв. Харин шинэ гүүрүүд ашиглалтад орсноор Жинст багийг Өлзийт багтай холбосон авто замын шинэ коридор бий болж, хотын замын сүлжээний нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, хөдөлгөөний ачааллыг зохистой хуваарилах боломж бүрджээ.
Ингэснээр иргэдийн өдөр тутмын зорчилт, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмж, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжрах ач холбогдолтой юм.

Богд, Чигэстэй голын гүүр