Ачаалж байна…
Ачаалж байна…
Xocoo N
n.khosbayar@montsame.gov.mn

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
Ингэснээр нийслэл хотын албан татварын хувь хэмжээг хоёроос нэг хувь болгон бууруулав. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тус шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой юм байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулна. Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа хоёр хувийн албан татварыг хөндөхгүй. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эргэн харна” хэмээн ярьжээ.
Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.