ЖДҮ эрхлэгчид хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-25 15:44:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг банкууд хүлээн авч байна.

Тодруулбал, жижиг дунд бинес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин Засгийн газраас жилийн 3 хувийн хүүтэй, 500.0 сая хүртэлх төгрөгийн зээлийг эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаатай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх банкаар дамжуулан олгохоор болсон.

Зээл авах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө байгуулсан, үйл ажиллагаа эрхэлдэг, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, НДШ, татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх шаардлагуудыг хангасан байх ёстой ажээ.

Мөн 2020 оны НДШ, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн, “Х” тайлан гаргаагүй байх шаардлагатай юм.

Энэхүү зээлийг хэрхэн олгох талаар аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Мөнхбаяраас тодруулахад “зээлийн хүсэлт гаргах аж ахуйн нэгжүүд эхлээд ЖДҮ эрхлэгчийн тухай тодорхойлолтыг манайхаас авах ёстой.

Энэхүү тодорхойлолт авахын тулд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татвар, нийгмийн даатгалын тайлан, санхүүгийн аудитаар баталгаажсан тайлан, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Одоогоор тодорхойлолт авах асуудлаар дөрвөн аж ахуйн нэгж хандсан. Гэхдээ ЖДҮ эрхлэгчид утсаар холбогдож мэдээлэл авч байна. Манай аймгийн хувьд ХААН, ХАС, Төрийн гэсэн гурван банкаар зээл олгогдох тул аль ч банканд хандаж болно” гэлээ. 

Холбоотой мэдээ