Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлого, зарлагын удирдлагыг сайжруулах, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал зорилт болохыг онцоллоо.
Мөн Тэрбээр БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсныг тэмдэглээд, тус улсын туршлагыг Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн нэвтрүүлэхэд энэхүү төслийн ач холбогдол оршиж байгааг илэрхийлэв.
Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд, урт хугацааны төсөөлөл боловсруулах, санхүүгийн эрсдэлийн удирдлага, төлөвлөлт, мэдээллийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг дурдлаа.
Түүнчлэн төслийн үр дүнг сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж боловсруулахад чиглүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.
Эрүүл мэндийн яамнаас төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, холбогдох байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ.
Цаашид Монгол Улс, БНСУ-ын холбогдох байгууллагууд мэргэжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.