Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Гараар татах хүчний спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Хөвсгөл нутгийн тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тус тэмцээнд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, Галт сумын уугуул, Тариалан сумын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа. Б.Бат-Амгалан, Тариалан сумын харьяат, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын техникч Б.Батбаатар, Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн сурагч А.Мичидмаа, Тариалан сумын сурагч Б.Энхжин нар дэлхийн аварга болсон байна.
Тамирчид Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан бөгөөд 09 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Евро-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргад амжилттай оролцох бэлтгэлээ хангасан байна.
Тамирчдыг Монголын Гараар татах хүчний холбооны дэд тэргүүн, Хөвсгөл аймгийн Гараар татах хүчний холбооны тэргүүн, дэлхийн аварга С.Баясгалан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, спортын мастер, дасгалжуулагч Б.Амартүвшин нарын удирдлага, бэлтгэл сургуулилалтын үр дүнд ийнхүү дэлхийн дэвжээнд амжилт гаргажээ.
Гараар татах хүчний холбоо Хөвсгөл аймагт байгуулагдаад 7 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 7 дэлхийн аваргатай болжээ.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж тамирчдынхаа хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, эх орон, нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн бахархам амжилтыг онцлон тэмдэглэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ.