Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Зооноз өвчнөөс сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” сэдэвт салбар дундын хамтын ажиллагааны форум Орхон аймагт болж байна.
Форумоор хойд болон хангайн бүсийн аймгуудад зонхилон тохиолддог тарваган тахал, бэтэг өвчний эрсдэлийг бууруулах, өвчний тандалт, эрт илрүүлэлтийг сайжруулах, салбар хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, эрүүл мэнд, мал эмнэлэг, онцгой байдал, байгаль орчин болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулж, зоонозын өвчний эрсдэлийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад чиглэжээ.
Тус форум нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон олон улсын байгууллагуудын хамтран зохион байгуулж буй бүсчилсэн цуврал уулзалтын нэг юм. Дэлхийн зөн олон улсын байгууллага болон FHI360-аас хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд бүсийн аймгуудын эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны багийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Форумд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, орон нутгийн Зоонозын өвчин судлалын төв болон эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд оролцож байна.
Форумын үеэр бүс нутгийн зоонозын өвчний тандалт, судалгаа, эрт илрүүлэлтийг сайжруулах, онцгой нөхцөл байдал үүссэн үед салбар хооронд шуурхай мэдээлэл солилцох, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх ажлыг уялдуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.