М.Болдсайхан: ЭЕШ-ын агуулгыг 9-11 дүгээр ангид үзсэн хичээлд тулгуурлан боловсруулсан

Монголын мэдээ | Тодруулга
bolor@montsame.mn
2021-03-25 11:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар үргэлжилж буй.


ЭЕШ-ын бүртгэлийн явц болон анхаарах шаардлагатай зүйлсийн талаар Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-ЭЕШ-ын бүртгэлийн явц хэдэн хувьтай байгаа вэ. Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн 2 дугаар сарын 25-нд эхэлсэн, 4 дүгээр сарын 20-нд дуусна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бүртгэл хэвийн хэмжээнд явагдаж байна. Одоогоор 17 800 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь энэ жил төгсөж байгаа сурагчдын тоог баримжаалаад үзвэл үндсэндээ 50 хувьтай явж байна. Үлдсэн нэг сарын хугацаанд бүртгүүлэх боломжтой.  

-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилийнхээс юугаараа онцлогтой вэ?

-Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалтын хувьд шалгалтын сэдэв даалгавар боловсруулах агуулгын хувьд ч том өөрчлөлт орж байна. Тухайлбал, энэ жил төгсөх 12 дугаар ангийн сурагчид өмнө жил хагас жил танхимаар, хагас жил цахимаар хичээллэсэн. Энэ жилийн хувьд нэг улирал танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж байна. Үүнээс шалтгаалан сэдэв даалгаврыг өөрчлөн сонгох нөхцөл байдал үүсэж байна.


-Теле хичээл танхимын сургалтад хүрч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ жилийн ЭЕШ-д агуулгын хувьд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Бид энэ жилийн даалгаврыг боловсруулахдаа 12 дугаар ангийн сурагчдын танхимаар судалсан болон 9,10,11 дүгээр ангид үзсэн агуулгад тулгуурласан.


-Тэгвэл ЭЕШ-ын босго оноог хэрхэн тогтоов?

-ЭЕШ-ын босго оноог өнгөрсөн жил БШУ-ы сайдын тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 480, хувийн хэвшлийн 420, хөдөө орон нутгийн бүх их, дээд сургууль 400 оноогоор тогтоосон. Энэхүү тушаал энэ жил дахин хэрэгжих эсэхийг БШУЯ шийдвэрлэнэ.


-Өмнөх жил ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна вэ?

-Энэ жилийн хувьд 35 797 хүүхэд ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж байгаа. Мөн өмнө жил төгссөн 3500 орчим хүүхэд шалгалт өгнө. Иймээс улсын хэмжээнд нийт 39-40 мянга орчим хүүхэд шалгалт өгнө гэж тооцон бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр манай улсын хувьд интернэтийн орчин нөхцөл, тэдгээрийг хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалах, хянах боломж хараахан бэлэн биш байна. Тиймээс танхимаар шалгалтыг авна. Ингэхдээ хүүхдүүд ЭМЯ болон УОК-оос өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу нэг ангид суух хүүхдийн тоог бууруулж, ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай, нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд суухаар зохицуулж байгаа. Тэгэхээр шалгалтын байр нэмэгдэнэ. Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд шалгалтын 85 байранд зохион байгуулж байсан бол энэ жил ойролцоогоор 110 байрны хэрэгцээ үүсэж байна.


-Шалгалтын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах вэ?

-Эрүүл ахуйн дэглэмийг сахиулахдаа ангийн ариутгал, цэвэрлэгээ, хүүхдийн гарын ариутгал, амны хаалт зүүх нөхцөл бололцоог ханган ажиллана.


-Өмнө жил ЭЕШ өгөх сурагчдад зориулж теле хичээл болон онлайн давтлага явуулсан. Тэгвэл энэ жил эдгээр ажлыг явуулж байгаа юу?


-Боловсролын Үнэлгээний төвөөс шалгалтад бэлдэж байгаа сурагчид зориулан долоо хоног бүрийн мягмар гарагт “Мэргэжилтэн цуглаж байна” мэдээллийг хүргэж байгаа. Уг мэдээллээр өнгөрсөн жилийн шалгалтын материал ямар үр дүнтэй байсан, даалгавраа амжилттай гүйцэтгэхэд юуг анхаарах ёстой гэх мэт зөвлөгөөг өгч байна. Мөн долоо хоног бүрийн 4 дэх өдөр Монголын радиогийн “Тэнхлэг” студитэй хамтран хөдөө орон нутгийн хүүхдүүдэд  мэдээлэл хүргэж байгаа. Мөн хилийн албан хаагчдын 100 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч бэлдэх боломжгүй байгаа тул тэдгээр хүүхдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.  


-Бүртгэл болон ЭЕШ-ын үеэр сурагчид ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-ЭЕШ-ын бүртгэлийн үед хоёр төрлийн алдаа гаргадаг. Нэгдүгээрт, урьдчилан бэлтгэсэн шаардлага хангаагүй зураг бэлдсэнээс болж эргэж буцах, дахин зураг солих асуудал гардаг. Манайд урагшаа цэх харж зогссон 3х4 хэмжээтэй арын хэсэг нь цулгуй, малгай, нарны шил зүүгээгүй зураг авахуулах ёстой байдаг. Хүүхдүүд урьдчилан бэлтгээгүйгээс хөндлөн хэвтээ болон өөр зураг оруулах тохиолдол их бий. Боловсролын Үнэлгээний төвөөс тэдний оруулсан зургийг хөндлөнгийн үнэлгээ хийн, шаардлагатай гэвэл зарим зургийг устгаад тухайн бүртгүүлэгчид мэдэгдэж дахин шинэ зураг оруулах боломжтой. Хоёрдугаарт, хичээл сонголтын алдаанууд байгаа. Ямар сургуульд, ямар мэргэжлээр элсэн суралцах вэ гэдгээ урьдчлан судлаагүйгээс болж бүртгүүлсний дараа сонгож оруулсан хичээлээ хасах, нэмэх, солих зэргээр Боловсролын Үнэлгээний төвд хандаж байна. Боловсролын Үнэлгээний төвөөс гаргасан шалгалтын журмаар бүртгэлийн хугацаанд хичээл нэмэх л боломжтой, хасах солих боломжгүйг анхааруулъя.

                                                                                                                                                                    

                                                                                                                                                                    С.Анударь, Б.Сэлэнгэ

 

Холбоотой мэдээ