Өнөөдөр халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-03 21:28:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо дөрвөөр нэмэгдлээ. Өнгөрөгч өдрүүдэд PCR шинжилгээ өгсөн 631 хүнээс дээрх тохиолдол илэрч, бусад нь сөрөг үзүүлэлттэй гарчээ.

Дээрх тохиолдол Бүрд сумаас 2, Хужиртаас 2 илэрсэн байна. “Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч голомтын эх үүсвэр шинээр нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, нийт бүртгэгдээд байгаа 95 тохиолдол “Сэмжид Хужирт”, Биеийн тамир спортын улсын хорооны ажлын баг, Бүрд суманд Улаанбаатар хотоос тээвэрлэгдсэн ирсэн гэх гурван голомтоос эх үүсвэртэй байгаа юм. Иймд халдварын голомтыг богино хугацаанд барьж чадсан хэмээн үзэж байна” гэж аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

Одоогоор аймгийн БОЭТ-д 21, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 7, Хужирт сумын Тусгаарлах эмнэлэгт 45, нийт 73 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 91.7 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа аж. Өчигдрийн байдлаар түргэвчилсэн шинжилгээнд 199 хүнийг хамруулахад бүгд сөрөг гарчээ.

Холбоотой мэдээ