Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Тэрбээр, "Эрхэм хүндэт ард иргэд ээ
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурал өнөөдөр Төрийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох онцгой хариуцлагатай асуудлыг Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Монгол төрийн залгамж чанар, Үндсэн хуулийн засаглал, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагатай холбоотой түүхэнд үлдэх онцгой нөхцөл байдалтай анх удаа нүүр тулж байна.
Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнийг тогтоолгох, шударга ёсны төлөөх эрс шийдэмгий шийдвэр гаргасныг гүнээ хүндэтгэж байна.
Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ухнаагийн Хүрэлсүх Та улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.
Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд, монгол хүнийг баялагтаа жинхэнэ эзэн нь болгох өрнүүн зүтгэлийг талархан тэмдэглэж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан, жендэрийн тэгш байдлыг ахиулахад чиглэсэн олон улсын цуврал бага хурлууд, энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүхэн гавьяаг мөнхжүүлэх үйл хэрэгт оруулсан манлайлал тань түүхэнд тодоор үлдэх нь дамжиггүй ээ.
Монгол Улсын төрийн тэргүүний албыг нэр төртэй гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эрхэм гишүүд ээ,
Өнөө цаг үед улс төрийн талцал, хуваагдлыг даамжруулан өрдөж, Монгол төрийг сулруулан, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг эрсдэлд оруулах, эх орныхоо хувь заяанд хохирол учруулах санаатай, санамсаргүй оролдлогууд цухалзах боллоо.
Өвөг дээдэс маань үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт Монгол Улсаа бид улс төрийн явцуу эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцлийн золиос болгон хямралд оруулах эрхгүй.
Бидний үзэл бодол, итгэл үнэмшил өөр байж болно. Улс төрийн байр суурь зөрүүтэй байж болно. Харин эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал дээр бидэнд талцаж хуваагдах эрх байхгүй. Эх орон, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгаас үнэтэй зүйл гэж байхгүй.
Төрийн тогтвортой байдал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Үндэсний эв нэгдэл бол тусгаар тогтнолын амин сүнс юм. Бидэнд ганцхан эх орон бий.
Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны хангамж, зээлийн өндөр хүү, өрийн дарамт, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл гээд шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ даран үүсээд байна.
Иргэд биднээс хэрүүл талцал биш, хэрэгжих шийдэл хүлээж байна. Хоосон амлалт биш, бодит үр дүн, бодлогын дорвитой шинэчлэл шаардаж байна.
Эрхэм гишүүд ээ,
Бид Үндсэн хуулиа чанд мөрдөж, төрийн ажлыг тасалдуулалгүй явуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагааг хуулийн хугацаанд, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс орныхоо эв нэгдэл, эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн зөвлөлийг байгуулж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
Уг асуудлаар улс төрийн намууд, төрийн институцууд харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, бүлэглэлийн эрх ашгаас ангид байж, нийт ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандан ажиллах болно.
Бидэнд хагарал талцал бус, улс гэр, ард түмэн, үндэстний эрх ашгаа эн тэргүүнд тавьсан эв нэгдэл хэрэгтэй гэдгийг дахин хэлье" гэлээ.