Улсын хэмжээнд 346.745 хүн вакцин хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-04 12:15:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 3-нд 9987 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ нь вакцинжуулалтад хамрагдвал зохих хүн амын 17.5 хувь болжээ.


Вакцинжуулалтын 46 цэгт 128 багийн 923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллав. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Говь-Алтай гэсэн 6 аймагт вакцинжуулалт хийж, нийт 346.745 хүн хамрагдав.


Нийслэлд өнөөдөр болон маргааш 50-иас дээш насны бүх иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар 64 цэгт 138 багийн мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өнөөдөр мэдээллээ. Иргэд дүүрэг дотроо дархлаажуулалт хийж буй аль ч цэгт очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтойг мэдээллээ. 

Тухайн өдрүүдэд хаана, аль цэгт вакцинжуулалтад хамрагдах мэдээллийг өрхийн эмнэлгүүд өгч байна. Жишээ нь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт:

  • Улсын II төв эмнэлэгт 1, 3, 7 дугаар хорооны иргэд,
  • 44 дүгээр сургууль дээр 4, 16, 19, 21 дүгээр хороо,
  • 136 дугаар сургууль дээр 25, 26,
  • 14 дүгээр сургууль дээр 5, 13, 22,
  • 21 дүгээр сургууль дээр 4, 6, 14, 15, 18 дугаар хорооны иргэд,
  • 102 дугаар сургууль дээр 2, 21, 27 дугаар хорооны иргэд вакцин хийх хуваарьтай байна. 


Холбоотой мэдээ