Бразилд амны хаалт зүүхийг шаардахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-11 12:39:11

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Kommersant/. Вакцинд хамрагдсан хүмүүст амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн зөвлөмжийг Эрүүл мэндийн яам удахгүй гаргана гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ.


“Эрүүл мэндийн сайдтай ярихад, тэрбээр вакцин хийлгэсэн юмуу халдвар аваад эдгэрсэн хүмүүст амны хаалт заавал зүүх шаардлагагүй гэдгийг тусгасан зөвлөмжийг боловсруулахаар төлөвлөж байна. Энэхүү зөвлөмж нь хорио цээрийн дэглэмд тавигдах шаардлагад мөн хамааралтай” гэж тэрбээр хэлсэн байна. 


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Бразилд 17 сая гаруй хүн коронавирусээр халдварлажээ. Өвчний хүндрэлийн улмаас 479 мянга орчим хүн нас барсан бөгөөд халдварын үзүүлэлтээр Бразил 3 дугаар жагсаж байгаа юм.


Бразилд вакцинжуулалтын хөтөлбөр удааширсантай холбогдуулан вакциныг цаг тухайд нь нийлүүлэх ажлыг Болсонару зориуд хойшлуулж байж магадгүй гэж сенатын танхим үзэж, шалгалт хийж байгаа аж.


Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хүн амынх нь 23-хан хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 12 хувь нь л вакциндаа бүрэн хамрагдсан байна. 

Холбоотой мэдээ