Хагас шигшээд Хойд Америкийн 2 баг буюу АНУ, Канад шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-26 15:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финланд, Латвид хоккейн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өчигдөр явагдаж, хагас шигшээд медалийн төлөө өрсөлдөх багууд нэгэнт тодорлоо.


Нэг ч хожигдолгүй яваа АНУ-ын баг Чехийн шигшээг түүртэлгүй ялснаар хоккейн ДАШТ-ий алтан медалийг 60 жилийн дараа эх орондоо авч очих магадлал нь нэмэгдсээр. Хэсгээ тэргүүлж, плей-оффт шалгарсан Швейцарын баг Германд ялагдсанаар тэмцээнийг орхилоо.


Сүүлийн гурван ДАШТ-ий үзүүр түрүүний хоёр баг хэсэгтээ тун тааруухан тоглосон. Тиймээс хасагдах шатанд гал гартал үзэлцэх байх гэсэн боловч Финландын баг өрсөлдөөн үзүүлж чадсангүй.


Хэсгээсээ арай ядан шалгарсан Латвийн шигшээ хасагдах шатанд Шведийг медалиас мулталж, түүхэндээ анх удаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч үлдэв.

ДАШТ-ий хагас шигшээ хоёр тоглолт 27-нд Финландын Тампарад Нокиа-Арена цэнгэлдэхэд болно. Ийнхүү Хойд Америкийн хоёр баг буюу АНУ, Канадын хоккейчид Латви, Германы багтай өрсөлдөхөөр боллоо.

Холбоотой мэдээ