ЗАВХАН: Монголын хамгийн том хиймэл хүрхрээг заавал очиж үзээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-29 15:47:07

Улиастай/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 36 км-т орших Богдын голын хүрхрээ нь аялагчдын заавал очиж үзэх газар юм.


Богдын голын хүрхрээ нь манай улсын хамгийн том хиймэл хүрхрээ аж. Отгонтэнгэр уулаас эх авч урсах Богдын голын урсгалыг 2.5 км урт сувгаар татан Тээг толгой дээрээс унал үүсгэн Богдын голын усан цахилгаан станцыг байгуулжээ.



Богдын голын хүрхрээ ба Отгонтэнгэр хайрхан

Энэ станцын илүүдэл ус Тээг толгойгоос Богдын голын хавцал руу 37 метр өндрөөс унаж хүрхрээг үүсгэдэг.


Алдархаан сумын нутагт орших Богдын голын усан цахилгаан станц нь 2000 кв-ын цахилгаан гаргаж Завхан аймгийн төв Улиастай хотыг зуны улиралд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ станц 1997 онд ашиглалтанд орсон бөгөөд 708м3 ус хуримтлуулах хүчин чадалтай юм. 


2000 онд ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр станцын толгойн барилга байгууламж, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, ус халиагуур, түрэлтийн хоолойн тулгуур, хаях, сувгийг дахин шинэчилж, ашиглалтад оруулсан байна.


Богдын голын хүрхрээ

Хиймэл хүрхрээнээс зүүн урагш Төрийн их тахилгат Отгонтэнгэр хайрхан, Хойд, Урд Даян уул зэрэг хүндэтгэн биширдэг тахилгат уулс, үзэсгэлэнт байгалийн цогцолбор оршдог.

Мөн Богдын голын хүрхрээ рүү явах замд Оргих нэртэй жуулчны бааз байрладаг. Жуулчны бааз нь аймгийн төвөөс 15 орчим км, нийт 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай, гэр, байшин сууцтай, спортын гурван төрлийн тоглоомын талбайтай, автомашины зогсоол, ариун цэврийн байгууламжтай. 

Бага Даян 

Түүнчлэн Богдын голын хүрхрээ явах замд Мөнгөт хясаа хэмээх үзэсгэлэнт эгц хадан уул бий. Хэдэн жилийн өмнө Монголын үндэсний музейн Түрэг улсын үед хамаарах олдворын танхимдМөнгөт хясааны бичээсгэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 


Мөнгөт хясаа     /Гэрэл зургуудыг П.Баатарзоригт, н.Эрдэнэбулган/


Холбоотой мэдээ