ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 36.91 сая ам.долларын санхүүжилт баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2018-06-28 16:52:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Монгол Улсад хэрэгжиж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг энэ сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдохоор болов. 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараа хурлын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд тус сангийн дэд тэргүүн ноён Тао Чжан дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:
 
“ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, гадаад эрэлт өндөр байсны үр дүнд эдийн засаг эрчимтэй сэргэж байна. Түүнчлэн төсвийн тогтвортой байдал, өрийн динамик нэмэгдэхэд болон гадаад эрсдэл буурахад дорвитой ахиц гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 3 дугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсвийн гүйцэтгэл ихээхэн сайжирч, төсвийн орлого огцом нэмэгдсэнээр, эхний гүйцэтгэлээр төсөв ашигтай гарсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш хоёр дахин өсчээ. 
Банкуудын активын чанарын нарийвчилсан үнэлгээ 1 дүгээр сард эцэслэсэн бөгөөд санхүүгийн салбарыг бэхжүүлэх реформын хүрээнд дараагийн арга хэмжээнүүд авч эхлээд байна. Банкууд дутагдсан өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, нөхөхөөр ажиллаж байгаа. Цаашлаад эрх баригчид банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд хэрхэн нийтийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах талаар тодорхой заасан хуулийн төслийг баталсан.
Эдгээр ахицтай үр дүн гарсан ч, Монгол Улс гадаад болон дотоод хүндрэлүүдэд мэдрэг хэвээр байна. Эдийн засгийн энэхүү таатай нөхцөл байдлыг ашиглаж, банкны салбарыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчны бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулан гадаад валютын нөөцийг үргэлжлүүлж нэмэгдүүлэх зэрэг нь зайлшгүй хийх ёстой ажлууд юм. Эрх баригчдын шинэчлэлийн хөтөлбөрийг тогтвортой бөгөөд эрчтэйгээр хэрэгжүүлснээр үүсч болзошгүй хүндрэлийн эсрэг эсэргүүцлийг бий болгож, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг үргэлжлүүлэн хангаж чадна” гэжээ.

ОУВС-гийн тус хөтөлбөр Монголд хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч буй бөгөөд энэ хугацаанд нийтдээ 131.0366 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт ийнхүү олгогдоод байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам. долларын санхүүжилт олгогдохоор тооцсон юм. 

Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Холбоотой мэдээ