Өсвөр үеийнхэн эрүүл аж төрөх дадалд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-16 15:30:43

JICA-ийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх  дадалд суралцуулах тогтвортой систем  байгуулах төслийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү төсөл нь өсвөр насны үе тэнгийн зөвлөхүүдийг бэлтгэж тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, улмаар найз нөхөд, гэр бүлийнхэн, дүүрэг хорооныхоо оршин суугчдыг эрүүл зөв амьдрахад нь туслах зорилготой.

Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 19-өөс доош насны залуучууд, өсвөр үеийнхэн бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлууд ихэсч байна. Нийт хүн амын 60 орчим хувь нь төвлөрөн суурьшдаг нийслэлийн СБД-ийн гэр хорооллын бүсийн хувьд өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол харьцангуй олон бүртгэгдсэн, хүүхдүүд сургууль дээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар болон хэрхэн эрүүл аж төрөх талаар хүссэн мэдээллээ авах боломж хомс, зөвхөн өсвөр үеийнхэн төдийгүй тэдний гэр бүлийнхэн болон тухайн хэсэгт оршин суугчдын хувьд ч гэсэн эрүүл мэндийн зөв боловсрол олгох нэгдсэн тогтолцоо байдаггүйгээс эрүүл аж төрөхтэй холбоотой боловсрол, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдаг байна.

Тус төсөл нь СБД-ийн захын хорооллын 71 дүгээр сургуульд хэрэгжих юм. Энэ загвар төслийг хэрэгжүүлсний дараа сургуулиудын тоог нэмэгдүүлнэ. Төслийн эхний ээлжинд үе тэнгийн зөвлөхийн сургагч багшаар ажиллах хүмүүсийг сонгон Японд сургалтад хамруулах юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь Японы Жичи АУИС-ийн мэргэшсэн багш нартай хамтран Монголд үе тэнгийн зөвлөх бэлтгэх сургалт зохион байгуулж, үе тэнгийн зөвлөхүүдийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжин ажиллах юм.

Мөн өсвөр үеийнхний үе тэнгийн зөвлөхүүдийн өөрийн удирдлагын байгууллагыг албан ёсоор байгуулж, тэдний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дэмжих, өргөжүүлэх, хамтран ажиллах, бүх талын асуудлыг иж бүрнээр нь шийдсэн загвар тогтолцоог төрийн байгууллага, иргэд, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотой бий болгох аж.

Тус төсөл 2015-2019 он хүртэл 4 жилийн хугацаатай хэрэгжинэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости