Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 17:28:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд айлчилж байна.


Тэрбээр, эрүүл мэндийн салбар төдийгүй хоёр улсын ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлсэн, урт хугацааны хамтын ажиллагааны шинэ үе эхэлж байгааг онцолсон бол Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэхүү айлчлалыг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх алхам хэмээн ач холбогдол өгч байна. 


Манай улс Бүгд Найрамдах Турк Улстай диломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа. Ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хийж, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан юм. Хоёр улсын Засгийн газар хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2004 онд анх байгуулснаас хойш хамтын ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төдийгүй хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэжээ.


Шинэчлэн байгуулсан дээрх хэлэлцээр нь энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болсноор хоёр улс эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлсэн юм.


Тухайлбал, эмнэлгийн удирдлага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, онцгой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулж, эмч мэргэжилтэн харилцан солилцох, зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлэх, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх зэрэг хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай боломж, нөхцөлийг бий болгожээ. 

Связанные новости