Гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ жил 22 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ-аас 2015 оны 12 дугаар сард зарлаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн олон улсын аянд Монгол Улс нэгдэж байна.
Энэ талаар УИХ-ын эмэгтэй гишүүд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд ямар байгаа талаарх статистик мэдээллийг танилцуулсан юм.
Улсын хэмжээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдэж, 1076 иргэн өртөж хохирсны 88.0 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас нийт 22 хүн нас барж, 949 хүн гэмтжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд өсч, ганцхан жилийн дотор 494 хэргээр нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаар хохирогчдын цагдаагийн байгууллагад хандах хандалт өссөнийх, нөгөө талаар хууль, эрхзүйн орчин хангалтгүй, иргэдийн ухамсар улам доройтож байгаагийн илрэл гэж дүгнэж байгаа. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гараад 10 жил болж байгаа ч хэрэглэхэд түвэгтэй, доголон хууль болсон нь гэр бүлийн хүчирхийлэл огт буурахгүй байгаагаас харагдана.
Хохирогчдын хамгаалал муу, хүчирхийллээс шууд тусгаарлаж чаддаггүй, хуулийн хариуцлага хангалтгүй учир энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа. Тиймээс 2014 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн талаар багагүй зохицуулалт оруулж өгсөн. Хэрэв шинэчилсэн хууль батлагдвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид зан үйлээ өөрчлөх, хохирогчид дахин аюул учруулахгүй байхад чиглэсэн ял шийтгэлийн өвөрмөц төрөл, албадлагын арга хэмжээ цогцоороо хэрэгжих юм.
Тодруулбал зан төлвийг өөрчлөх албадан сургалтад хамруулах, цаашлаад хүчирхийлэл үйлдэгчийн зорчих эрхийг хязгаарлаж, хохирогчид ойртох үед дохиолол өгдөг чип суулгах, хохирогчоос тусгаарлах зэрэг бодит арга хэмжээ авах боломжтой болно. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай болоод байгааг эмэгтэй гишүүд онцолж байлаа.
Дашрамд дурдахад, НҮБ-аас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2015 онд зохион байгуулж буй аяны хүрээнд “Дэлхийг улбар шар болгож охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатайгаар дэлхий дахинд “Улбар шар” арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна. Мөн Улбар шар өнгө нь гэрэлт ирээдүй, хүчирхийлэлгүй ертөнцийг бэлгэдсэн UNITE аяны албан ёсны өнгө аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ