Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лаборатори өнөөдөр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардлаа.
Ингэснээр Эмийн хяналтын лаборатори тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчин олон улсын түвшинд хүрч байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” хэрэгжсэнээр хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ, түүнд агуулагдах хольц бодисыг тодорхойлох, эмийн бодис гарган авах, эмнэлгийн хэрэгсэл, ороох, боох материал ариутгахад хэрэглэдэг, хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдлийг тодорхойлох, хуурамч, дуураймал ба үл мэдэгдэх эм, түүний бүтэц найрлагыг илрүүлэх, шингэн эмийн зуурамтгай чанарыг тодорхойлох, эмийн бодис дахь талст ус, чийглэгийг тодорхойлох шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.
Лабораторийн хийсэн шинжилгээний дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрөх давуу талыг дотоодын эм хэрэглэгчид хүртэхээс гадна эм үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа ашиглах аж.
Ж.Болор