ИЗНН сонгуулийг бүсчлэн явуулахыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-25 15:08:36

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж ИЗНН уриалга гаргасан байна.

Тэр дундаа Сонгуулийн тухай хуульд оруулах гэж буй таван өөрчлөлтийн нэг болох Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрогт байсныг бүсчилсэн таван тойрог болгохыг эсэргүүцэж байгаагаа уриалгадаа дурджээ.

Уг уриалгад “Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа тунхагласан олон ургалч үзэл, нийгмийн шударга ёсыг нутагшуулахын тулд амаргүй сорилттой тулгарч байна. Улс төрийн намууд сонгуулийн бүсчилсэн тойрогт өрсөлдөхөөр АН, МАН улайран зүтгэж, УИХ-ын Сонгуулийн хуулийг хүч түрэн хэлэлцэж эхэллээ. Холбооны улсуудад хэрэглэдэг сонгуулийн системийг Бүгд Найрамдах засаглалтай нэгдмэл Монгол Улсад туршин, уг чанартаа АН, МАН-аас бусад нам сонгуульд шударгаар, эрх тэгш өрсөлдөхийг хаан боогдуулж байгааг эсэргүүцсэн уриалга гаргаж байна.

Нэгдмэл Монгол Улсыг ийнхүү улс төрийн сонгуулиар хуваан задлах ажиллагаа нь цаашид төрийн нэгдсэн бодлого алдагдах, улмаар Үндэсний нэгдмэл байдалд туйлын хор хөнөөл дагуулах болно. Улс төрийн нам нь бүс нутгийн нам, тухайн бүс нутгийн олонхийн эрх ашгийг хамгаалагч нам, ястны бүлгийн нам, эдийн засаг, бизнесийн тодорхой эрх ашгийн бүлэглэлийн өрсөлдөөн болон хувирах аюултайг ухамсарлан УИХ-ын сонгуулийг бүсчлэн явуулах саналаасаа татгалзахыг УИХ дахь АН, МАН-ын бүлэгт харьяалагдах гишүүдэд уриалж байна.

Улс орны хөгжилд хор хөнөөл авчирах энэ аюултай шийдлийг сөрөн зогсож, улс төрийн бусад дэвшилтэт хүчнүүд, дэмжигч иргэдтэйгээ хамтран тэмцэхийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдад уриалж байна” гэжээ.

Б.Туул

Связанные новости