Үйлчилгээний байгууллагуудыг хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-07 14:58:18

Шийдлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцож, цаг үеийн мэдээ мэдээллийг өглөө. 

Мэдээллийн эхэнд Шадар сайд өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ өвөл улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжинө. Манай орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, 15 аймгийн 50 суманд цасан зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу байгаа учраас малчдад улсын нөөцийн өвснөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна. 
Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлаж,  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгосныг тэрбээр мөн онцлов. 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэл болгож, хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын үзүүлж буй үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжаар хэмжигддэг байх зэрэг үр дүн гарах аж. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн бөгөөд хуулийн төслүүдийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барина гэлээ.
Эрүүл мэнд, спортын яамны тухайд өнгөрсөн онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Нялх балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хуулийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулжээ. Эрүүл мэндийн даатгалын хууль баталснаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлснийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцолж байв. Үүнээс гадна дэлхийн зах зээлд шинээр нийлүүлж буй элэгний C вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр дүнтэй ХАРВОНИ эмийг Монголд нэвтрүүлж 1150 Эмийн сангаар 1200 ам.долларын үнэтэй худалдаж эхлээд байна гэв. 
Түүнчлэн Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болсон. Эхийн болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийн хэмжээг нэмсэн. Эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг мэдээллийг тодотгож байв. Цаашдаа эрүүл мэндийн салбарт шилэн дансыг яаралтай нэвтрүүлэх тал дээр онцгойлон анхаарахаа мөн илэрхийлэв. 

Шадар сайд мэдээллийн төгсгөлд "Энэ он бол Олимпийн жил. Тиймээс Олимпийн их наадамд баг тамирчдаа оролцуулах бэлтгэл хангуулахад бүх хүчээ дайчлан ажиллана" гэсэн юм.  

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Связанные новости