А.Дүүрэнжаргал: Уул усны тахилгыг Бодончар мунхгийн үеэс эхэлсэн гэж үздэг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2025-09-11 16:22:45

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны судлаач А.Дүүрэнжаргалтай ярилцлаа.


- Төрийн тахилгатай уул, овоо бий болсон нь ямар учиртай юм бэ?

-Манжийн Алтан хааны үед шарын шашныг мандуулахын тулд 1000 бөө /дүрс онго/ шатаах, уул усны тахилга хийхийг хоригложээ. Ингэснээр тэнгэртэй харьцаж байсан сайн бөө нарын үр удмыг тухайн үед Цагаан дарь эхийн ч гэдэг юм уу, тийм ийм бурхдын хувилгаан болсон гэх байдлаар өрхөөс нэг хүүхдийг албадан Төвөдөд сургаж эхэлсэн байдаг. Тэнд сураад ирсэн хүмүүс уул, ус тахихдаа бөөгийн дуудлагаар бус, тэнд сурсан ном эрдмийн дагуу уул овоог тахих болсон байдаг.

Бөөгийн тамлага, дуудлага маш их бий. Түүнийг Б.Ринчен гуай 1940 оны үед маш олноор нь цуглуулсан байдаг юм. Тэр бөөгийн тамлага дуудлага 16 дугаар зуунаас уулын сан, судар болж хувирсан даа. Эндээс л уул усны тахилга лам гурван эрдэнэ гэдгээр эхлэх болжээ. Тухайлбал, Отгон тэнгэр хайрхныг Очирваань гээд уулсыг бурхдын нэрээр нэрлээд тахилгын зан үйлийг өөрчилсөн. Тэр чинь одоо хүртэл амь бөхтэй байгаад байна шүү дээ.


Тухайлбал, Бурхан халдун уулыг 1819 онд, мөн Богдхан, Отгонтэнгэр гурвыг Манжийн хааны зарлигаар төрийн тахилгатай болгожээ. Монголын алтан ургийн гал голомт толгой гурван ууланд төр тахилгын зан үйлийг хийдэг болсноор, тахилгад оролцох хүмүүсийг төр мэдэж эхэлсэн.


Монголд төрийн тахилгатай 13 хайрхан бий. Сүүлийн үед төрийн тахилгатай бол том ураг удмынхан, гол усаараа тахиж байгааг үгүйсгэх буруу хандлага ажиглагдах болоод байгаа юм. Монгол хүн өөрийн удмынхан тахидаг, нутгийнхаа уул, овооны зан үйлийг маш сайн мэддэг, бусдад ярьж өгдөг байх жишээтэй. Төрийн тахилга нэрээр уламжлалт уулын тахилгын зан үйлийг иргэдээс холдуулах бодлого байсан гэдэг нь түүхэн эх сурвалжуудаас харагддаг. Уул, усны тахилгыг эзэн биегүй болгох бодлого урт хугацаанд үргэлжилжээ.


Уг нь бол тахилгыг нэг нь гардан зохион байгуулдаг. Тэр нь дараа дараагийнхаа үед уламжлуулдаг. Түүнийг тахилч гэх байдлаар газар бүрд янз янзаар нэрлэсэн байх жишээтэй.

Нэгээс нөгөөд уламжлагдах байдлаар тахилга хийж иржээ. Ер нь ураг удмынхан айл өрх уул, овоогоо тахиж байгаа нь хамгийн зөв, сайн зүйл байхгүй юу. Энэ уламжлалыг цаашид бид хадгалж авч явах учиртай. Төрийн, ураг удмын, гол усныхны тахидаг уул гэж ялгаж болохгүй. Энэ бол туйлын буруу, ард иргэд өөрсдөө очиж тахих ёстой юм. Монголд миний ойлгож байгаагаар 2000 гаруй тахилгатай уул бий. Уул бүр өөр хоорондоо эздээрээ ялгардаг онцлогтой.


-Тахилгатай уул усанд үйлдэж болохгүй зан үйл, хорио цээр байх уу?

-Тахилгатай уул овоонд очоод хамаагүй морь хараад, нус, цэрээ хаяад байж болохгүй. Ариун дагшин газар учраас улаан мах гаргаж болохгүй гэх мэтээр тэнд очсон бүх хүн тэр хорио цээрийг баримтлах ёстой. Ийм хорио цээрийг зөрчихөөр тахилга биш болчихлоо гэж үздэг. Яагаад ийм яриа гарах болов гэхээр уул усны эзэд хий биетэй. Тэнд арц, ганга ариун үнэртнийг маш ихээр уугиулах хэрэгтэй болдог. Түүнээс өөр төрлийн үнэр гаргахгүй байх нь чухал. Уул усны эздээс гадна бас хий хорлогч нар мах, цусанд дурлагсад бас тэнд ирдэг. Түүнийг мэддэг байсан тул эмэгтэйчүүдийг 16 дугаар зуунаас уулын тахилга үйлдэхэд овоон дээр гарахыг хориглосон байх жишээтэй. Энэ бол эмэгтэй хүний бие физиологийн онцлогоос хамаарсан хорио цээр байгаа юм. Түүнээс биш хүнийх нь хувьд эрхийг зөрчсөн зүйл огт биш ээ. Энэ бүхнийг сайн мэдэхгүйгээс болж тахилгын дэг ёс зөрчигдөх явдал гардаг. Түүнийг хувь хүн өөрийнхөө ухамсар, ёс зүйгээр зохицуулах хэрэгтэй болоод байна.


Одоо 13 нас хүрээгүй охидыг уулын тахилга овоон дээр очихыг зөвшөөрдөг. Түүнээс дээших насны эмэгтэйг тахилгатай уул овоон дээр гаргадаггүй ёс баруун аймагт байна.


Тахилга 70, 80 жил тасарчихсан учраас хорио цээрийг хүн мартжээ. Түүнийг хүн бүр ёс суртахууны үүднээс өөрөө өөртөө сэргээж бий болгох хэрэгтэй.


-Монголчууд уул, усаа тахих зан үйлийг ер нь хэдий үеэс үйлдэж эхэлсэн байдаг түүхтэй юм бол?

-“Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт чоно гэргий Гоо марлын хамт Бурхан Халдун ууланд ирлээ” гэж "Монголын нууц товчоон"-д гардаг шүү дээ. Тэгэхээр уул усны тахилгын хамгийн эртний эх сурвалж энэ зохиол болж байгаа юм. Энэ эх сурвалжаас аваад үзэхээр Бодончар мунхгийн үеэс тахисан гэж үздэг. Энэ нь орчин цагийн он тооллоор 10 дугаар зуун болж таардаг. Тэндээс эхтэй энэ уул, усны тахилга эзэн Чингис хааны үед хүрч иржээ. Монголчууд тухайн үед тэнгэр шүтлэгтэй байсан учраас уул, усаа аргадаж байгаль дэлхийгээ баясгаж байсан гэдэг ойлголт байгаа юм.


Гэхдээ 16 дугаар зуунд шашин дэлгэрсэн үед, түүний сан судрын дагуу тахиж байсан байх жишээтэй. Ийм байдлаар тахилга тухайн цаг үеийнхээ өнгийг дагаж өөрчлөгдөж байсан гэж хэлж болно.



-Ер нь уул усыг хэрхэн тахиж байсан уламжлал байдаг вэ, тухайлбал Бурхан халдун уулын тахилга ямар байв?

- Монголчууд Цагаан сараар уул, усандаа мөргөөд өөрийнхөө хүсэл сэтгэлийг даатгадаг шүү дээ. Түүнтэй адил энгийн хэлбэртэй байжээ. Тэгээд нутаг нугынхан уул, усандаа идээ цагааныхаа дээжийг өргөсөн тухай л эх сурвалжуудад олонтоо дурдагддаг. Орбай, Сохдой хоёр хатан ихсийн газар, тавил тахилга өргөхөд Өүлүн эх хоцорч очлоо гэж "Монголын нууц товчоон"-д гардаг. Энэ зохиолд хэд хэдэн янзын тахилга байжээ гэдэг нь ажиглагддаг. Тавил тахилга нь идээ будаагаа өргөдөг.


Ихсийн газар гэж хатдын хэлээд байгаа нь Бурхан халдун уул юм гэж Х.Пэрэнлэй, С.Бадамхатан гуай нар ойлгуулсан л даа. Их монгол улсыг үндэслэгч эзэн хаан Чингис энд нойрсож байгаа учраас Бурхан Халдун уулыг бусдаас онцлон авч үзээд байгаа юм.


Тэгээд эзэн хааны үеэс уламжлан хадгалагдаж ирсэн “Монголын нууц товчоо” бидэнд байна. Бусад баримт бичиг зохиол устаж үгүй болсон.


-Бурхан халдун уулын тахилгын онцлогийг та нэрлэнэ үү?

-Төрийг төлөөлж тийм хүн үг хэлнэ, тэдэн бөх барилдана гэхчлэн тэнд үйлдэх зан үйл, тахилгын онцлогийг биччихсэн зарлиг байдаг. Одоо манай улсад төрийн тахилгын журам гэж байдаг. Тэр журмын дагуу тахина.


-Монгол улсын хувьд уул овооны тахилга тодорхой хугацаанд завсарласан шүү дээ. Тэгэхээр эртний өвөг дээдсийн тахиж байсан зан үйл одоогийн журам хоёр яв цав тохирдог гэж ойлгож болох уу?

- Эрт дээр үеийнхний иргэдийн дуудаж байсан дуудлагад өвөг дээдсээ дууддаг байсан байна. Орчин үеийн бичгийн эх сурвалжтай сан, сударт уул усны эздийг дуудаад байгаа юм. Түүнээс өмнө худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй цэвэр сэтгэлтэй хүнээр бургасыг бэлтгүүлж овоогоо засна. Бургасыг тэнгэрийн мод гэж үзэж эрт дээр үеэс шүтэж иржээ. Тэнгэрээс бууж ирэх өвөг дээдэс, уул усны эздийг амьтай мод /бургас/ дээр угтаж авдаг. Тэр ирэх эздийн дуртай идээ будааг нь тавина.

Тухайлбал, Сүхбаатар аймагт байгаа хүн чулууг тахихдаа зөвхөн цагаан хурганы махаар тахина гэж онцолсон байх жишээтэй. За тэгээд уул усны эздээ огторгуйгаас бууж ирэхийг урин дуудахдаа түүний агуу гайхамшгийг туульд гардаг шиг бурхан өөр өөрийн сахиустайгаа бууж ирнэ үү гэх байдлаар урин дуудна. Гэхдээ эхлээд уул хангайгаа цагт нь тахиагүй бол “Хүн бид таныг цаг цагт нь тахисангүй, газар усаа бохирдууллаа, дахин ийм буруу зүйл хийхгүй” гэх байдлаар өөрсдийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрч, уучлал хүснэ.

Танд өргөл өргөлөө, уучлалаа гуйлаа, тэгээд та бидэнд тал дүүрэн адууны хишиг, дэлэн сайт үнээний буян хишиг өгөөч, сайн үрийн буян заяа гуйх, эсвэл хот дүүрэн хонь хайрла гэх байдлаар хүслээ хэлнэ. Буян хишгийн даллага авч хурайлаад уул усны эзэд бурхдыг буцааж мордуулах үйл явц руу орох зайн үйл энэ дарааллаар явна. Бөөгийн дуудлага, сан судар унших юм бол энэ дагуу явж байна гэсэн үг. Тахилга ийм өөрийн гэсэн дэг жаягтай, тэр дагуу болно. Дээр үеийн болоод өнөөгийн тахилгын зан үйл авцалдах ёстой.


-Бурхан халдун уулыг тахихад уншдаг ямар ямар сан судрууд байдаг вэ?

 - Хэнтий ханы сан судар, магтаал хүмүүсийн гар дээр байдаг. Гэхдээ “Гүндсамбуу хэмээх газар баригч” эзэн сангийн судрыг О.Сүхбаатар гуай олоод энэ бол Бурхан Халдан уулын сан судар гээд халчихсэн. Түүнийг үзэл баримтлалаа болгож одоо баримталж байгаа. Эрт дээр үедээ Бурхан халдун гэж нэрлэж байгаад 16-р зуунд Богд эзэн хаан Чингисийн шарил байгаа болохоор нэрийг нь нууцалж Хан Хэнтий хэмээх ерөнхий нэрлээд явж иржээ. Хэнтийн нурууны хамгийн өндөр ноён оргил Асралт хайрхан байгаа юм. Тэнд эцэг дээдсийг онголоогүй учраас түүнийг ярихгүй. Бурхан Халдун хамгийн өндөр оргил нь биш. Гэвч эртний тахилгатай, эцэг дээдсийг онголсон учраас одоо яригдаж тахигдаж байна. Бид байгаль дэлхийгээ хайрлаж дээдэлж байна гэж ярьдаг.


Монголчуудын далд ухамсарт эзэн Чингис хаан тэнд байгаа, тэнгэрт хүч нь байгаа шүү гэдэг үүднээс тахиад байгаа юм. Түүнээс биш хэн нэгний мэдэхгүй бурхан бууж ирнэ гэвэл бас арай өөр байх болов уу.




Связанные новости