Өнгөрсөн онд 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-13 14:38:16

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Өнгөрсөн хугацаанд тус байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 31 асуудал хэлэлцэж, 5 удаа салбарын сайдын мэдээлэл сонсч, байнгын хорооны хуралдаанаас 15 тогтоол гаргаж, 7 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.         

УИХ-д 2015 онд 48399 иргэнээс 1335 өргөдөл ирүүлжээ. Үүнээс 223 буюу 16.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1112 буюу 82.3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байв. Энэ хугацаанд 14209 иргэний өргөдлийг 12 удаа багцлан байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 840 хүсэлт буюу 69.3 хувийг судлан шууд хариу өгч, 372 хүсэлт буюу 30.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 77 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна гэж О.Баасанхүү гишүүн мэдээлэв.

Б.Туул

Связанные новости