Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллах хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-27 08:29:19

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.


Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, авч яваад талархаад, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. Эдгээр охид, эмэгтэйчүүд болон гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж яваа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Мөн Засгийн газар байгуулагдсаны дараахан Хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсгийг байгуулсан. Учир нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч, нийгмийг түгшээж байна. “Нэг ч хүн хохирох ёсгүй” уриатай кампанит ажлыг эхлүүлэн, Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналыг хүлээн авч, хамтран ажиллана гэв.


Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооноос хийсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх сумд хэрэгжүүлж, давхацсан тоогоор 21,580 эмэгтэйг хөх, умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан. Мөн 50 мянган иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын болон охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан.


Өсвөр насныханд зориулсан “Нандин” төслийг хэрэгжүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн донтолтоос өсвөр үеэ хамгаалах ажил хийснээ тэмдэглэсэн юм. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд энэ сарын 31-нээс эхлэн Завхан аймгийн бүх сумд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, сургалт, мэдээлэл өгөх зэргээр ажиллахаар бэлтгэж байгаа ажээ.


Түүний дараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг, Д.Бэлгүүн, тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Нандинцэцэг, Дорноговь аймгийн салбарын тэргүүн Б.Сэмжидтуяа, Дорнод аймгийн салбарын тэргүүн Ш.Ганганмөрөн, Орхон аймгийн салбарын тэргүүн Ц.Ариунаа, нийслэлийн Налайх дүүргийн салбарын тэргүүн Ж.Цэнгэл, Хан-Уул дүүргийн салбарын тэргүүн Л.Отгонцэцэг, Увс аймгийн салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн нар санал бодлоо илэрхийллээ. Тэд бизнесийн орчныг сайжруулж, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хот, хөдөөд ялгаатай олгодог байдлыг арилгах, нэн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өмчтэй байх эрхийг хангах зэрэг сэдвийг хөндөв.


“Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах, төрөхийн өмнө болон төрсний дараа эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургах “Дэм” төслийг цахимаар хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллах хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, тодорхой санал боловсруулан ирүүлэхийг хүсэв.



Связанные новости