М. Ганбагана: Өөртөө итгэл төрүүлдэг байхыг багш маань сургасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-21 16:12:50

“Монголын сайхан бичигтэн” улсын 19 дэхь уралдааны 12 дугаар ангийн сурагчийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Ганбаганатай ярилцлаа.

- Юун түрүүнд баяр хүргэе.
- Баярлалаа.
- Ямар бүтээлээ улсын уралдаанд илгээв ээ?
- Уралдааны удирдамжаар 12 дугаар ангийн сурагчид Б. Ренчин гуайн “Бэр цэцэг” найраглалын агуулга, уран сайхны онцлог, “Хубилай хаан ба дөрвөлжин бичиг” гэсэн сэдвээс сонгож 300 үгтэй эх зохион бичих даалгавартай байсан. Миний хувьд “Хубилай хаан баа дөрвөлжин бичиг” сэдвийг сонгож, Хубилай хаан ямар хаан байсныг, дөрвөлжин бичиг хэрхэн үүсч хөгжин, хэрэглэгдэж байсныг дурьдан бичсэн. Хичээнгүй болон уран бичгийн хоёр бүтээлээ уралдаанд явуулсан.
- Энэ удаагийн уралдаан өрсөлдөгч олон байсан бололтой. Түрүүлнэ гэсэн итгэл лавтайяа байв уу?
- Итгэл дүүрэн байсан. Д.Отгонсүрэн багш маань биднийг олимпиад бүрийн өмнө үй зайгүй бэлдэж явсаар олимпиад эхлэхийн урьд өдөр огт юу ч харахгүй, бэлдэхгүй өнждөг юм. Тэгээд олимпиадад орохын яг өмнө. бидний гарыг барьж, духан дээр үнсээд “ Өөртөө итгэлтэй байгаарай. Та нар чадна. Та нар доошоо харж явах учиргүй. Бэлтгэл сайн хийсэн учраас толгой дээгүүр явах хэрэгтэй” гэж хэлдэг юм. Олимпиад бүрийн өмнө ингэж хэлдэг учраас нээрээ би чадна, сайн бэлдсэн юм чинь гэсэн итгэл эрхгүй төрдөг л дөө. Тиймээс “Монголын сайхан бичигтэн”- д ч би итгэл дүүрэн байж чадсан.
-Түрүүлсэн ч гэсэн өрсөлдөгч хүүхдүүдийн бүтээлтэй өөрийн бүтээлийг харьцуулж, дотроо дүгнэлт хийв үү? 
- Жилээс жилд уралдаанд оролцогч хүүхдүүдийн чадвар маш сайжирч байгааг шүүгчид хэлж байсан. Бүтээлүүдээс харж байхад их сайхан бичдэг хүүхдүүд олон байна лээ. Нийслэлийн Буянт-Ухаа сургуулийн М.Буянхишиг, Төв аймгийн Х.Баасанжаргал, Хөвсгөлийн Д. Баасандэмбэрэл нарын бүтээл үнэхээр сайн байна гэж би хувьдаа дүгнэсэн. Гэхдээ өөрийн бүтээлийг арай дутуу болж уу дээ гэх ч юм уу, өөр бусадтай нэг их харьцуулъя гэж бодоогүй.
- Энэ удаагийн уралдааны талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэнээ хуваалцаач?
-Юуны түрүүнд уралдааны шалгаруулт зөв зүйтэй санагдсаныг хэлье. Уралдаан хоёр үе шаттай байсан л даа. Эхний шатанд ирсэн бүтээлүүдээс арвыг шалгаруулаад тэдгээрээс найруулга, утга санаа,зөв бичгийн алдааг үндэслэн 6-г нь шигшиж үлдээгээд хоёрдугаар шатанд шалгарсан зургаан хүүхдийг эх бичвэрээ өөрөө бичсэн эсэхийг магадлан дахин бичүүлсэний эцэст 4 хүүхэд тунаж үлдсэн.

Ингэж тухайн хүүхдээр бичвэрийг нь дахин бичүүлж шалгаруулах нь их зөв санагдсан. Гэхдээ энэ бол зөвхөн 12 дугаар ангийн сурагчдын шалгаруулалт байсан л даа. Цаашид бусад ангийнхныг ч гэсэн ингэж шалгаруулах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Мөн Сайхан бичигтэн анги хамт олныг шалгаруулсан нь анги хамт олноороо эх бичгээ шимтэн сурах идэвхи санаачлага өрнөхөд ач холбогдол өгөх юм байна гэж бодсон.

За тэгээд, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс шагнал гардаж, “Мундаг хүү байна, улам сайн хичээгээрэй” гэсэн магтаалын үгээр мялаалгасан нь миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамж болон үлдэх болно.

- Аль нэг зүйлийг шимтэж яваа нэгнээс яагаад үүнийгээ сонирхох болсон юм бэ гэж асуумаар санагддаг юм. Чиний хувьд монгол хэл бичгийн хичээлдээ бусдаас илүүрхэн ингэж суралцах болсоны учир юу байв?
-Долдугаар ангид монгол бичиг анх зааж эхэлдэг. Тэр үедээ нэг их шамдаагүй л дээ. Харин наймдугаар ангид байхдаа монгол бичгээ гүнзгийрүүлэн суръя гэж яагаад юм  бодсон. Тэгээд Д.Отгонсүрэн багшийн дугуйланд анх орсон юм.Багштайгаа нэг сар гаруй хугацаанд бэлдээд хавар нь олимпиадад оролцсон. Тэгэхдээ 9 болон 11 дүгээр ангийн төрөлд өгсөж ороод хоёуланд нь мөнгөн медаль авсан юм. Энэ бол миний анхны амжилт байсан. Эндээс монгол хэл бичгээ  хичээн, шимтэн сурах хүсэл зориг минь улам бадарсан гэх үү дээ.
- Монгол бичиг мэддэг, уншиж, бичиж чаддаг чадвар нэг өөр. Хичээнгүй сайхан бичих болон уран гоё бичих гэдэг бас нэг өөр чадвар юм шиг байгаа юм. Хичээнгүй бичнэ гэдэг амаргүй байдаг уу?
- Бас их цаг зарцуулах хэрэгтэй болно. Монгол бичиг бол өд шиг хөнгөн гүйдлээр дээрээс доошоо татан бичдэг, өвөрмөц л дөө. Уран хөдөлгөөнтэй. Би солгой гараар бичдэг. Анх нэгдүгээр ангид ороод цагаан толгой заалгаж эхлэхэд дэвтэрээ зөв тавиад бичихээр ердөө эвлэж бичиж чаддаггүй, бичгийн хэв муухай болоод, багш дэвтэрийг маань урж хаясан удаатай. Яавал би муухай бичгээ засах вэ гэж зөндөө хичээж байгаад нэг удаа дэвтэрээ буруу тавиад бичсэн чинь гарт тун эвтэйхэн болчихсон юм. Хүн зүүнээс баруун чиглэлтэй бичдэг бол би эсрэгээрээ баруунаас зүүн тийш чиглэлтэй бичдэг болсон.

Тэгээд долдугаар ангид ороод монгол бичиг заалгаж эхэлсэн чинь дэвтрээ буруу тавьж бичдэг надад монгол бичиг илүү дөхөм байсан л даа. Гадагшаа түлхэж бичихэд эвтэйхэн. Тэр нь ч монгол бичгээ шамдан сурахад бас нөлөөлсөн байх.

- Олимпиад, уралдаанд амжилт гаргаад ирэхээр найз нөхөд, дунд ангийн дүү нар үлгэрлэн дууриаж монгол хэл, бичгээ илүүтэй сонирхон суралцах хүсэлтэй болж байна уу. Чамд тэгж анзаарагддаг уу?
- Манай багшийн дугуйлан бямба, ням гаригт тогтмол хичээллэдэг л дээ. Анх намайг дугуйланд сурч эхлэхэд манайх арваадхан хүүхэдтэй байсан. Тэд маань улс, аймагтаа олон амжилт гаргаад ирэхээр тэдний араас үлгэрлэн дууриаж, монгол бичгээ гүнзгийрүүлэн сурах сонирхолтой хүүхдийн тоо өсч, одоо манай дугуйлан 30 гаруй сурагчтай болоод байгаа. Тэгэхээр биднийг үлгэрлэн дууриах хүүхдүүд нэмэгдэж байгаа  гэж боддог.

Аймагтаа манай сургууль монгол хэл, бичгийн сургалтаар сайнд тооцогддог. Манай багш дугуйландаа зургадугаар ангиас эхлэн хүүхэд авч, бага гэлтгүй анги өгсүүлсэн түвшинд хичээлээ заадаг юм. Багыг бага гэхгүй бүгдэд нь ижил түвшний хичээл заадаг учраас хүүхдүүд жигд мэдлэг чадвартай болдог.

Хийхгүй байя гэсэн хэрнээ хиймээр санагдаад байдаг юм, багшийн өгсөн даалгавар...

- Ирэх намар оюутан болно. Суралцах сургууль өмнө тань үүдээ нээлээ...
- Тийм ээ. Үнэхээр баяртай байгаа. МУИС- ын шинжлэх ухааны сургуульд суралцана.

Өнгөрсөн намар Ё. Эрдэнэцэцэг багшийн нэрэмжит “Билгийн зул” олимпиад манай аймагт болсон юм. Д.Отгонсүрэн багшийн дугуйланд хичээллэдэг болсноос хойш энэ олимпиадад тасралтгүй орж, өнгөрсөн намар дөрөв дэхь удаагаа түрүүлсэн. Шагналаа Тангадын Галсан гуайгаас гардаж авахад тэрээр надад адис өгөөд “Ренчин багш шигээ хүн болоорой” гэж ерөөхөд надад үнэхээр сайхан санагдаж, эх хэл, бичиг үсгийн өв соёлоо насан туршдаа өвлөн тээж, үр хойчдоо үлдээж, дэлхийд таниулахад хувь нэмэр оруулна гэж өөртөө зорилго тавьсан. Итгэл үнэмшил ч төрсөн. Одоо энэ чиглэлээр суралцахаар боллоо. Чой. Лувсанжав гуайн “Монгол бичиг бол бидний өвөг дээдсийн өмч, өнөөгийн бидний өмч, бидний үр хойчийн өмч” гэж хэлсэн үгийг байнга санаж, зорилгодоо хүрэхийн төлөө шамдана.

Амьдралын минь үүдийг нээж өгсөн “Монголын сайхан бичигтэн”- д би насан өтөл болтлоо оролцоно оо.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Т. Отгонтуяа

 

 

Связанные новости