"Хүний хөгжил сан" улс төрөөс хараат бус байх ёстой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУул уурхайн салбрын хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан талаар өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ.
“Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан өчигдөр УИХ-ийн даргад өргөн барьжээ.
Уг хуулийн төсөл нь цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах зорилготой юм.
Ингэснээр цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн үр ашигтай гэрээ, хэлэлцээр явуулах орчин бүрдэнэ хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Монгол Улсын ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээхтэй холбоотой нийгмийн харилцааг 2009 онд батлагдсан “Хүний хөгжил сангийн тухай” хуулиар зохицуулж ирсэн. Гэвч сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг Улсын Компанийн тухай хуулийн үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна. Санд орлого төвлөрүүлэхийн тулд тухайн улс төрөөс хараат бусаар арилжааны зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байтал түүний удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөхөд УИХ, Засгийн газар оролцдог. Иймд дээрх зөрчилтэй зохицуулалтыг засахаар Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан” хэмээв.
Одоогоор олны анхаарлын төвд байгаа бас нэг асуудал бол “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөл” юм. Өмнө нь уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч Ноён уулан дахь түүхийн үнэт өвийг сүйтгэх магадлалтай хэмээн үзэж Засгийн газарт хоёр удаа буцаасан билээ. Энэ удаад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.
Тогтоолын төсөл нь УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоох, УИХ Засгийн газарт Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэх гэсэн 2 зүйлтэй. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн 34 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар орлууж төлөхөөр хэлэлцээ хийх юм.
Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат нөөцтөй бөгөөд 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Энэ хугацаанд 1 тэрбум 769 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө. Үйл ажиллагаа явуулах хугацаанд 1000 орчим ажлын байр бий болгох судалгаа гарсан бөгөөд олборлосон бүх алтаа Монгол банкинд тушаах юм.
Ч.Ариунболд