32 уяач аймгийн шилдэг уяачийн шагнал гардлаа

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-01-29 19:40:05

Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спорт, уяачдын холбоо модон хонин жилийн шилдэг уяачдаа тодруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Хонин жилд Дундговь аймгийн уяачдын амжилт арвин байж, улс, бүсийн томоохон уралдаан, наадамд 35 хурдан хүлэг түрүү, айраг авсан нь уяачдын холбооны түүхэнд байгаагүй амжилт болсон байна. Хаа нэгэн  газраас худалдаж аваагүй, өөрийн тамгатай унаган хүлгүүдээ уяачид ийнхүү хурдлуулж амжилт гаргаж байгааг уяачдын холбооны тэргүүн Ц. Ганхүү дурьдаад аймаг, бүсийн чанартай морин уралдааныг хэдий чинээ олшруулна уяачдын  амжилт төдий чинээ ахидаг учраас хонин жилд уралдааны тоог урьд урьдынхаас өсгөж, арав гаруй томоохон уралдаан зохион байгуулсныг онцлов.

Энэ бүгдэд уясан хүлгээ хурдлуулж, амжилт гаргасан 50 шахам уяачаас 32 нь ийнхүү аймгийн шилдэг уяачийн болзол хангасан байна. Хонин жилийн шилдэг уяачид Дэлгэрцогт, Баянжаргалан, Гурвансайханаас бусад 12 сумаас тодорчээ.

Аймгийн шилдэг уяачдын шагналыг УИХ- ын гишүүн Б. Наранхүү, аймгийн ИТХ- ын дарга С. Буджав,Засаг дарга С. Од- Эрдэнэ, "Нарны хүлэг" Уяачдын холбооны тэргүүн Ц. Ганхүү нар гардууллаа.

Т. Отгонтуяа

 

Связанные новости