Фижид байгалийн гамшигт амиа алдагсдын тоо 20 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСИДНЕЙ. /TASS/. Фижи бүлэг аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн "Уинстон" хүчтэй хар салхины улмаас арлын улсын дэд бүтэц “бүрэн сүйдсэн” бөгөөд орон сууцны санд асар их хохирол учирлаа гэж Фижи улсын Ерөнхий сайд Вореке Баинимарама мэдээлсэн байна. Тэрбээр мөн алслагдсан маш олон арлын байдлын талаар эрх баригчид мэдээлэлгүй байгаа учраас хохирлын хэмжээг одоогоор нарийвчлан тогтоох боломжгүй байгаа болохыг Шинэ Зеландын радиод ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
Фиж улсын Онцгой байдлын газрын хамгийн сүүлийн мэдээллээр, хар салхины улмаас наад зах нь 20 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсч болзошгүй гэж ихээхэн болгоомжилж байгаа аж. Цаг уурчдын мэдээлснээр, хар салхины хурд төвөөсөө цагт 230 км-т хүрч, эргэлтийн хурд нь цагт 325 км байсан бол арлын эрэгт 12 метр өндөр давалгаа үүссэн байна. “Уинстон” нь Фижи улсын цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн сүйтгэлт хар салхи болсныг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Тус улсын нийслэл Сувы хотын эрх баригчдын мэдээлснээр, хотын 140 гаруй байшин барилга бүрэн сүйдсэн байна. Фижигийн хүн амын 70 орчим хувь нь оршин суудаг томоохон арал болох Вити-Левугийн баруун хэсэгт 680 байшин бүрэн сүйдэж, 425 байшин эвдэрч сүйджээ. Ирж буй мэдээллээс үзвэл, нам дор газар оршдог тосгодын оршин суугчид байгалийн гамшигт илүү ихээр өртсөн байна.
Орон гэргүй хоцорсон хүмүүс нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодсон хэвээр байна. Фижид байгалийн гамшгийн дэглэм тогтоож, хөл хорьсныг тус улсын Засгийн газар бямба гарагт мэдэгджээ. Байгалийн гамшгийн дэглэм нэг сар үргэлжлэх бол хөл хорих цагийг өнөөдөр цуцалсан байна.
Бүгд Найрамдах Фижи Улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 100 орчим нь эзгүй 300 гаруй аралд оршдог. Тус улс 890 мянга орчим хүн амтай байна.
Д.Жаргал