Өвөрхангайн хүүхдүүд чуулганаараа тулгамдсан асуудлаа ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-27 10:45:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Арвайхээр хотноо “Хүүхдийн хөгжил-Аз жаргалтай ирээдүй” хүүхдийн III чуулган ёсдүгээр сарын 26-нд боллоо. Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, авъяас чадварыг хөгжүүлэх, амьдрал ахуйг нь дэмжих, сурч боловсрох орчин нөхцөлийг хангасан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь энэхүү чуулган юм.

Чуулганд нийт 220 гаруй хүүхэд оролцож, хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг аймгийн болон хүүхдийн байгууллагын удирдлагуудаас сонссоноос гадна хүмүүжил, төлөвшлийн тухай сургалтад хамрагдаж, тулгамдсан асуудлынхаа талаар санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Өвөрхангай аймаг 0-18 насны 42,916 хүүхэдтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 600, бүтэн, хагас өнчин 1773, асрамж халамжийн төвд амьдардаг-12, гэмт хэрэгт холбогдсон- тав, сургууль завсардсан- тав, зам тээврийн осолд өртсөн хоёр, гэмт хэргийн улмаас

 хохирсон17, амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн  2567 хүүхэд байна.

Дээрх баримтаас үзэхэд төрийн болон нийгмийн хамгаалал шаардлагатай олон хүүхэд байгаа бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар дорвитой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлага байгаа аж. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж "Зөвхөн зорилтот жилийн хүрээнд бус цаашид ч орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хөтөлбөрүүдэд  хүүхэд, залуусын амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүмүүжих эрхийг хангаж хамгаалах чиглэлээр тодорхой асуудлыг  тусгаж хэрэгжүүлэх ёстой" гэв.

Зорилтот жилийн хүрээнд 21 мянган хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хүүхдийн урлагийн их наадамд 19 сумын 3200 гаруй хүүхэд авъяас билгээ сорин оролцжээ. Шилдэг тэргүүний болон хөгжлийн бэрхшээлтэй 734 хүүхдийн зардлыг дааж Цагаанзалаа зусланд амруулсан бөгөөд аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулж байна.

Б.Батчимэг

Связанные новости