Арвайхээрт махны хоёр дахь том үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-28 14:58:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод махны хоёр дахь томоохон үйлдвэр есдүгээр сарын 27-н нээлтээ хийлээ. “Дээжийн өргөө” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан  махны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгаас 50 орчим хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ малчдад малаа борлуулах боломж нээгдэж байгаа юм.

Өдөрт 60 бод, 600 бог мал нядлах хүчин чадалтай, -45 градуст гүн хөлдөөх төхөөрөмж, 450 тонн мах хадгалах зоорьтой үйлдвэр махыг 100 хувь экспортод гаргах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал нар оролцсон бөгөөд “Манай аймаг сүүлийн гурван жилд малын тоо толгойгоороо улсад тэргүүлж, өнгөрсөн жил 5,7 сая толгой мал тоолуулсан төдийгүй аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбараас нийлүүлж байна. Нөгөө талаар малын бэлчээрийн даац 2,5 дахин хэтэрсэн, мал, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш буурснаас малчдын тогтмол орлого багассан зэрэг сөрөг үзэгдлүүд ч гарч байгаа.

Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын гар дээр бэлэн мөнгөний орлогыг бүрдүүлэх үүднээс мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх том, жижиг үйлдвэрүүдийг аймгаас бодлогоор дэмжиж байна” гэлээ. Өнгөрсөн онд Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужийн Мах үйлдвэрлэгч холбоо болон Америкийн махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч томоохон компанитай хамтарч, “Өв Мийт” мах боловсруулах үйлдвэрийг байгуулсан билээ.

Б.Батчимэг

Связанные новости