ИТХ-ын дарга А.Ишдоржийг "Хүүхдийн элч"-ээр сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-28 16:02:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил - Аз жаргалтай ирээдүй” хүүхдийн III чуулганаас аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржийг “Өвөрхангай аймгийн Хүүхдийн элч”-ээр сонголоо. Тэрбээр чуулганд оролцогч 250 хүүхдээс 240 гаруй хүүхдийн саналыг авч “Хүүхдийн элч”-ээр сонгогдон “Андгай” өргөж, “Гэрэгэ” гардан авсан юм.

А.Ишдорж чуулганд оролцогчдод хандаж хэлэхдээ, “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллах болно” гэв. Мөн онц сурлагатан болох гэж хичээхээс илүү зөв, хүмүүжил, төлөвшилтэй иргэн болох нь чухал гэдгийг онцолж, үүний тулд сайн багш, сайхан сургалтын орчноос илүүтэйгээр сайн эцэг, эхийн үлгэр дуурайлал илүү нөлөөлдөг хэмээв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 онд баталсан “Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журам”-д зааснаар хүүхдийн эрх, хамгааллын талаар зохих мэдлэг, чадвар, туршлагатай, олон нийтэд танигдсан, нэр хүнд бүхий хүнийг Хүүхдийн элчээр гурван жилийн хугацаатай сонгодог байна.

Б.Батчимэг

Связанные новости