Тусгай дугаараар дуудлага хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-05 14:58:52

Баянхонгор /МОНЦАМЭ/.Аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтсийн ивээл дор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос энэ онд сонсголын бэрхшээлтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгмийн амьдралд тэгш оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж буй. Тус ажлын хүрээнд Баянхонгор аймагт амьдарч буй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд видео дуудлага болон мэссэжээр яаралтай дуудлага өгөх нөхцөл бүрдлээ.  

Аймгийн хэмжээнд сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 400, сонсгол бууралттай 1500 иргэн, хүүхэд байдаг бөгөөд тэд онцгой байдлын 101, цагдаагийн 102, эмнэлгийн түргэн тусламжийн 103 яаралтай утсанд холбогдож дуудлага өөрөө өгөх боломжгүй, заавал бусдын дэмжлэг туслалцаатай өгөх шаардлага тулгардаг.

Дээрх асуудлыг шийдвэрлэх үүднээс Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос  "Яаралтай" бичил төслийг санаачлан хэрэгжүүлж мобиком, юнителийн тусгай дугаараар дамжуулан дуудлага өгөх боломжийг бүрдүүлжээ. Дуудлага хүлээн авагч албан хаагчид дохионы хэлний сургалтад ажлын байран дээрээ хамрагдаж дээрх иргэдэд үйлчилгээ үзүүлж  эхлэх юм.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарыг сайжруулах аян, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв ТББ хамтран зохион байгуулж байгаа "Бид өөрчлөгчид" хоёр сарын аяны хүрээнд тус ажлыг өрнүүлж байгаа аж.

                                                                   Б.Мөнхзул

Связанные новости