Малчин эмэгтэйчүүд зөвлөмж гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сайнцагаан сумын малчин эмэгтэйчүүд нийт малчиддаа хандаж зөвлөмж гаргасан байна. Байгалийн давагдашгүй хүчин ган, зудтай нүүр тулж яваагийн хувьд мал сүргээ индексжүүлсэн даатгалд хамруулж, болзошгүй эрсдлийг сааруулж байхыг тэд уриалжээ.
Сайнцагаан сум хавар мал төллөж эхлэхээс урьтан “Төлчин эмэгтэйчүүд” уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулдаг. Энэ жилийн зөвлөлгөөнд 200 шахам малчин бүсгүй хүрэлцэн ирсэн бөгөөд малчиддаа хандсан зөвлөмж гаргасан нь урьд урьдын зөвлөгөөнөөс онцлог болжээ.
Зөвлөмжийг малчдын нийгмийн идэвхи оролцоо, иргэний үүргийн биелэлт, төрийн дэмжлэг ба малчдын санхүүгийн чадавхи, малын индексжүүлсэн даатгал түүний ач холбогдол, малчдын отор нүүдэл, мал маллах уламжлалт арга ухаан гэсэн дөрвөн чиглэлээр гаргажээ.
Тухайлбал, мал сүргийнхээ бүтцийг зохистой хэмжээнд байлгаж, таваарлаг чанарыг нь сайжруулах, өрх бүр үйлдвэрлэгч байж орлогоо нэмэгдүүлэх, туслах малчны ажлын байр бий болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулах, аймаг, сумын Засаг даргын “Малчин түмэндээ илгээх захидал”- ын дагуу өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайн хангадаг байх гэх зэргээр мал аж ахуйгаа эрхэлж аж төрөхөд дагалдан буй болж байдаг нийгмийн үүрэг хариуцлагуудыг онцолжээ.
Т. Отгонтуяа