Дөрвөн төрлийн зөрчилд торгууль ногдуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн томоохон эх үүсвэрүүдийн нэг нь дүрэм зөрчилтөөс эхэлдэг. Нэгдүгээр эгнээнд зогсох, буцаж эргэх, улаан гэрлээр шууд явдаг гэхчлэн үйлдлүүд түгжрэлийн шалтгаан, гол зөрчил болсоор байна. Нийслэлийн бүх зам уулзвар дээр камер болон замын цагдаа нар хяналт тавьж чадахгүй учраас E-Police аппликейшныг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгвэл тус аппликейшныг 6000 гаруй хүн татаж авч 4800 орчим зөрчлийг ирүүлсэн байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвийн дарга Д.Одбаяр "Ирүүлсэн зөрчил бүр дээр торгууль ногдуулна гэсэн үг биш. Энийг замын цагдаагийн алба, замын хөдөлгөөний удирдлагын төв дахин нягталж шалгасны үндсэн дээр тухайн зөрчил нь гарцаагүй баталгаажсан тохиолдолд ногдох холбогдох торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлж байна” гэв.Үргэлжилсэн цагаан шугам давсан, буцаж эргэсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон, урсгал сөрсөн, явган хүний зам хөвөөгөөр явсан зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль ногдуулж байна. Иргэд өөрийн гар утсаар эдгээр мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм байна.
E-Police аппликейшныг иргэд ашиглахдаа гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, E-Police аппликейшны камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм байна.