Гэр бүлийн хэргийг хянан шийдэхэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-21 11:22:20

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэл зүйч ажиллаж эхэллээ.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран "Гэр бүлийн хэрэг хянан шийдэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг" байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд энэ сарын 20-ноос сэтгэл зүйч ажиллуулж байгаа юм. Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон хосод эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлснээр гэр бүл салалтыг багасгах ач холбогдолтой юм.


Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны дүнг харахад, улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдсэн 73727 хэргээс Гэр бүлийн тухай хуулиар шийдүүлсэн хэргийн тоо 6520 буюу нийт хэргийн 8.8 хувийг эзэлжээ.


Үүнээс 3468 хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шийдсэн бөгөөд дээрх төрлийн шийдвэрлэсэн хэргийн 53.2 орчим хувийг эзэлж байна.


Связанные новости