Л.Оюун-Эрдэнэ:Соёлтой холбоотой томоохон төслүүдэд мөнгө төсөвлөх ёстой

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-10-25 17:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны 3 дахь шатны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтлоо.

Төсвийн байнгын хорооны гишүүд болон Ажлын хэсэг, бусад Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүд горимын санал хэлснийг хүргэе.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Миний бие төсвийн ажлын хэсэгт 2 жил дараалан ороод нэг асуудлыг тавьсан ч оновчтой шийдэлд хүрч чадсангүй. Мэдээж жижиг тойргийн асуудал хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ бодлогын том асуудлуудаа орхигдуулж болохгүй ээ. Хүн хөгжихгүй бол улс хөгжихгүй гэж бид 27 жил ярилаа. Хүний хөгжил гэдэг хэрнээ соёл ярихгүй байна. Соёл гэдэгт урлаг, спорт, гоозүйн боловсрол,  хүний хөгжил багтана. Гоо зүйн боловсролд бид анхаарахгүйгээр хүний хөгжил боловсролын системийг  шинэ түвшинд гаргаж чадахгүй. Өнөөдрийг хүртэл  соёлын салбар нь социализмын үеийнх шиг ажиллаж ирлээ. Бараг хуучнаасаа ч муудсан байж магадгүй. Үндэсний нэгдсэн музейн системгүй цорын ганц улс нь Монгол. Үүнийг цаашид анхаарахгүй бол 13-р зууны түүх бүдгэрч  20-р зууны эхэн үеийн түүх тодорхойгүй болох нь. Бид Амар ерөнхий сайдаа мэдэхгүй эринийг бий болголоо. Түүнчлэн 500 мянган хүний  суудалтай нэгдсэн театр манайд алга. Үүнээс болж дэлхийн томчуудыг бид  эх орондоо урьж чадахгүй байна. Монгол Улсын үндэсний дархлааг сульдаах  зүйл рүү явж байна. Дараа жилийн улсын төсөвт соёлтой холбоотой томоохон төслүүдэд хөрөнгө төсөвлөх ёстой. Хоёр жил эелдэг байлаа.Гурав дахь  жилээс энэ асуудалд өөрөөр хандана.


УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын гишүүдийг  үг хэлэх эрхгүй болгоод бид  зүгээр  нэг кноп дарагчид болох нь. Байр сууриа илэрхийлэх эрхгүй парламантын гишүүн хаана ч байхгүй шүү. Энэ нь Монголын ардчилал том ухарч буйн илрэл. Тиймээс Төсвийн байнгын хороо руу буцаах горимын саналыг оруулж байна. Яагаад гэвэл үүнийг  хууль зөрчсөн явдал гэж үзэж байна. Тиймээс  энэ төсвийг Үндсэн хуулийн  цэцэд өгнө гэв. 

Связанные новости