Эр хүн амгалан бол гэр бүл амгалан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд эрчүүд цуглараад "Хүчирхийллээс яаж хол байх тухай" халуун яриа өрнүүллээ. Энэхүү эмэгтэйчүүдийн баяр угтаад хийж буй эрчүүдийн сэтгэлийг хагалсан яриа-хэлэлцүүлгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хийж байна.
"Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг хуурай илтгэлээр биш харилцан ярилцлагаар өрнөсөн нь амьд, сонирхолтой боллоо. ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл хэлэлцүүлгийг нээсний дараа сэтгүүлч МУСГЗ Г.Золжаргал хөтлөн танхимд суугаа олон руу яриаг чиглүүллээ.
"Эрчүүд гэр бүл" төвийн тэргүүн М.Цасчихэр "Эрчүүд уурлан бухимдах, гутран ганцаардахаараа архидахыг гол болгоод эхэндээ нууц амраг руугаа гүйж, эсвэл шоудаж, үгүй бол үр хүүхэддээ эр бяраа гаргаж, эхнэрээ зоддог" тухай сонирхолтой яриа өдөөв. Түүний дараа гэр бүлийн хосын тэгш харилцааг эрхэмлэх тухай баримтат кино үзүүлэв.
Жирийн иргэн, микро автобусны жолооч Баянзүрх дүүргийн иргэн Ч.Энхтайван гэргий, хүүхдээ энхрийлэн хайрлаж, уур уцааргүй тайван сайхан амьдардаг тухай энгүүн яриа өрнүүлэв. Түүний яриаг залгаад гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжил таван ханатай гэрээс таван өрөөтэй, таван давхар хуастай болтлоо өөрчлөгдөж буй гэр бүлийн тухай сонирхолтойгоор өгүүлэв. Энэчлэн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, тус яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн гишүүн Г.Оюунболд, СБД-ийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Батхишиг нар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга болон хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.
Цэргийн албан хаагч эрчүүд энэ ярилцлагад олноороо ирсэн нь онцлог байв. Эрчүүдийн ярианы эцсийн дүгнэлтийг товчлон үзвээс "Эр хүн амгалан бол гэр бүл амгалан байдаг" гэх ганцхан өгүүлбэрт зангилагдахаар байсныг дурдая. Мөн гэр бүлийн боловсролыг зөвхөн гэр дотроо бус сургуулийн хүүхдүүдэд заавал эзэмшүүлэх хүмүүжил, боловсролоос эхлээд насан туршийн боловсрол олгох нь чухал байгааг ч ярилцлаа.
Ж.Батсайхан
Связанные новости


