Аймгийн төвд өнгөрсөн онд 5.8 километр автозам тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-09 17:18:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Арвайхээрт асфальтан зам тавих ажлыг жил бүрийн Үндсэн чиглэлдээ тусган хэрэгжүүлж байна. Энэ жил улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотод Ягаан толгойгоос “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх А0301 дугаартай улсын чанартай 4.2 км, Ахмадын өргөө-Хүүхдийн ордны чиглэлд 703 метр, 6 дугаар багт гүүрэн байгууламж бүхий 460 метр, 2 дугаар багт 390 метр авто замуудыг шинээр барив.

Ийн нийт 5.8 километр улс, орон нутгийн чанартай авто замыг шинэчилснээр гудамж, талбайн тоосжилт багасч, зорчих хэсгийн аюулгүй байдал хангагдан, иргэд гэрэлтүүлэг бүхий явган хүний замаар тав тухтай зорчих нөхцөл бүрдлээ. 


Арвайхээр сумын 6 дугар багийн оршин суугч, сурагч Ч.Тэгшбаяр

 - Миний хувьд 7 жил тасралтгүй энэ замаар хичээлдээ явж байна. Өмнө нь энэ зам хотгор гүдгэртэй, чулуу тоосжилт ихтэй байсан учир гутлын өсгий амархан элэгддэг, гэрэлтүүлэг муутай харанхуйгаас болж хичээл орой тарах үед жалгаар гарахаас айдаг байсан. Зуны их устай бороонд амархан үер буудаг болохоор зам гарч усаа авахад асуудалтай байв. Одоо шинэ замтай болсноор ундны усаа зөөхөд төвөггүй болсон. Дээш, доош бууж өгсөх шаардлагагүй болсон болохоор хичээлдээ явахад цаг хэмнэнэ. Хичээл оройтож тарсан үед гэртээ ирэхэд гэрэлтүүлэг сайтай зэрэг амьдралд бодитой сайн өөрчлөлтүүдийг авч ирсэн гэлээ.    

Связанные новости