Д.Миндиашвилийн нэрэмжит тэмцээнд манай 70 гаруй бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 18-20-нд болох Дмитрий Миндиашвилийн нэрэмжит тэмцээнд манай улсаас 70 гаруй бөх хүч, ур чадвараа сорино.
Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Д.Миндиашвили нь олимп, дэлхийн аварга алдарт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй дэлхийд танигдсан олон шилдэг тамирчдын анхны багш билээ.
ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо үүнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-д дээрх Д.Миндиашвилийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэжээ. Иймд энэ тэмцээнд шилдгүүдийн ширүүн хурц барилдаан олон болох нь дамжиггүй.
Монголоос гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга,
О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү),
Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг
тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бэлтгэлээ базааж байна.
Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-д барилдахаар болжээ.