Залуу жүдочид Хонконгоос 16 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-21 10:15:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан Азийн цомын тэмцээнээс Монголын жүдочид 16 медаль хүртсэн байна.


Тодруулбал, таван алт, гурван мөнгө, найман хүрэл медальтай эх орондоо ирж байна. Хонконгт болсон энэхүү тэмцээнд Азийн 13 орны өсвөрийн 120 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй 12 жүдоч өрсөлдөв. Харин залуучуудын ангилалд 12 орны 160 тамирчин зодоглосны 34 нь монголчууд байлаа. 


Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Далайцэрэн, 60 кг-д Н.Тэгш-Очир, охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 52 кг-д Б.Гүндэгмаа, 57 кг-д Г.Энхжин нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэгвэл охидын 48 кг-д А.Хонгорзул, 52 кг-д Л.Булган, хөвгүүдийн -90 кг-д Т.Доржсүрэн нар мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д П.Эрдэнэбулган, 63 кг-д Л.Нармандах, П.Нандинцэцэг, 70 кг-д Э.Анужин, хөвгүүдийн 55 кг-д А.Тэмүүжин, 60 кг-д Б.Цолмон-Од, Б.Тэмүүжин, 81 кг-д Б.Мөнгөндөл нар хүрэл медалийн тавцанд зогсов.


Тус тэмцээнийг багийн дүнгээр Монголын баг тэргүүлсэн бол Австрали, Тайвань, Саудын Араб, Солонгосын жүдочид эхний таван байрт багтжээ. 

Связанные новости