“Хакүхо цом”-д өрсөлдөх хүүхдийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-14 11:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 11-нд болох мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн сүмо бөхийн тэмцээний 15 насны ангилалд оролцох хүүхдийг өнөөдөр шалгаруулна.


Энэхүү тэмцээнд 10-15 насныхан оролцдог бөгөөд манай улсаас сумо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаан хүүхдийг шалгаруулан оролцуулах юм.  Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд ангилал тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулдаг. Сумо бөхөөр хичээллэх сонирхолтой 15 настай хүүхдүүд Х хороолол дахь Техник, технологийн дээд сургуульд өнөө өглөө эхэлсэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. 


"Монголын өсвөр залуучуудын сумо бөхийн холбооноос сурагчдыг шалгаруулж, ес дэх жилдээ "Хакүхо цом"-д оролцуулж байна. Хакүхогийн нэрэмжит тэмцээн нь Япон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн юм. Япон улсын өнцөг булан бүрээс хүүхдүүд оролцоно. Японы сургууль, клубуудын багш нар энэ тэмцээнээс хүүхдүүдийг шилж, урилга өгдөг. Монголоос энэ тэмцээнээр дамжин таван хүүхэд Японы сургуульд явж, сумогоор хичээллэн, эхнээсээ мэргэжлийн сумод орж байна. Манай холбооны дэргэдэх "Ки- Бо" дэвжээ 8-15 насныхны дунд сумо бөхийн сургалт явуулдаг. Хүссэн хүүхдийг Японд мэргэжлийн сумогоор хичээллэхэд зуучилдаг" хэмээн тус дэвжээний багш М.Цолмонбаяр ярьж байв.

Связанные новости