“Сар шинэ–2019” нэгдсэн ажиллагаанд 48 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-14 21:37:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас 13 чиглэлд 48 албан хаагчийг томилон ажиллуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, шатахуун түгээх станцын нөхцөл байдалтай танилцаж, байгууллагын аюулгүй байдал, ажилчдын сонор сэрэмжийг өндөрсгөх хугацаатай албан мэдэгдэл өгч байгаа юм. Мөн Арвайхээрийн 13 багт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлгийг тарааж, сар шинийн баяраар гэр орноо эзэнгүй, хамгаалалтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Өнгөрсөн сар шинийн баяраар аймгийн Цагдаагийн газарт хулгайн хэрэг 17 удаа бүртгэгдэж байжээ. Үүнээс 11 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Связанные новости