Баянговьд эрэн хайх аврах бүлэг, Бууцагаанд гал унтраах аврах анги байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-16 21:59:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2019.01.16/ Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрээр орон нутгийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил, нөхцөл байдалтай биечлэн танилцаж яваа аж. Ажлын хэсгийнхэн Баянхонгорт ажиллахдаа анхлан аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, хэд хэдэн чиглэлээр үүрэг чиглэл өгсөн юм.

Онцгой комиссын хуралдаанаар Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг 85.7 хувьтай буюу хангалттай хэмжээнд байгааг, аймаг орон нутагтаа гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулж байгааг сайшаажээ. Мөн цаашид отроор яваа малчиддаа төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байх, мал эмнэлгийн газрын статус шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүнд зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах чиглэл өгч, мал амьтаны устгал хорогдлыг төрөөс нөхөн төлөх асуудал цаашид байхгүй болсон гэдгийг онцгой комиссын гишүүдэд мэдээлсэн байна.

Хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газарт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд мөн талархалаа илэрхийлээд, хамтын ажиллагааны хүчин зүтгэлд Баянговь суманд эрэн хайх аврах бүлэг, Бууцагаан суманд Гал унтраах аврах ангийг байгуулж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өгсөн байна.
Ажлын хэсгийнхэн Бууцагаан суманд байгуулагдаж буй Гал унтраах аврах ангийн байдалтай очиж танилцах бөгөөд тус ангийн үйл ажиллагааг энэ оны зургадугаар сарын нэгэн гэхэд жигдрүүлнэ, мэргэжлийн машин техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тун удахгүй хангана гэдгээ уулзалтын үеэр хэлжээ. 
Связанные новости