“Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-30 21:14:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт 2001 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дархан нутгийн хөтөлбөр 15 жилийн хугацаатай ажилласан.

Дэлхийн зөн ОУБ Дархан-Уул аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны үр дүнд дахин үргэлжилж байгаа энэхүү төсөл нь Тайванийн санхүүжилтээр  хэрэгжиж байгаа аж. “Хүүхдийн төлөөх орон нутаг” тусгай төслийг 5 жилийн хугацаатай Дархан-Уул аймгийн  алслагдсан сум, багуудад хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн лхагва гарагт талууд гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордонг 2017 онд ашиглалтад оруулсан. Тус ордны санхүүжилтийг Дэлхийн Зөн ОУБ 500 гаруй сая, аймаг орон нутгийн зүгээс 400 гаруй сая төгрөг, газрын асуудлыг шийдвэрлэжээ. Хүүхэд багачуудын авьяас чадвар, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр тус ордон үйл ажиллагаа явуулж өдгөө 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Тус дугуйланд хамрагдсан сурагчид "Хүүхдийн төлөөх орон нутаг" тусгай хөтөлбөрийн гарын үсэг зураг арга хэмжээний үеэр өөрсдийн сурч мэдсэнээ тайлагнасан юм.


Өнгөрсөн онд “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн эхлэл болгож гэр оронгүй, зорилтот бүлгийн 10 өрхөд гэр олгож 94 хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа.

2019 оныг Дарханыхан “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, амар амгалан гэр бүлийн төлөө хийх олон арга хэмжээ нь энэхүү төслийн үйл ажиллагаатай уялдаж байгаад аймаг орон нутгийн удирдлагууд баяртай байлаа.

Цаашлаад хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ядуурлыг бууруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахад энэхүү төслийн гол зорилго оршиж байна.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дархан нутгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж 2016 онд хаалтаа хийсэн юм.


Связанные новости