ДАРХАН-УУЛ: Жуулчдыг татах аялал жуулчлалын платформтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах шинэ үеийн шийдэл Дархан-Уул аймагт хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, Монгол орны аялал жуулчлалын салбарт технологийн шийдэл нэвтрүүлэх зорилго бүхий Nomadism платформ нь орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээг цахим орчинд нэгтгэн, гадаад болон дотоодын жуулчдад онлайн мэдээлэл авах, аялал захиалах, үйлчилгээ сонгох боломжийг бүрдүүлж буй цогц систем юм.
Уг платформын хүрээнд Дархан-Уул аймагт зориулсан https://darkhan-uul.nomadism.mn платформыг хөгжүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, Аялал жуулчлал, залуучуудын газар, Найрамдал төсөлтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү системийг нэвтрүүлснээр аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний цахим дэд бүтэц бий болж, салбарын хөгжилд дараах үр дүнтэй бодит өөрчлөлтүүд гарна гэж үзжээ.
Платформын гол боломжууд:
Нэгдсэн цахим мэдээллийн сантай болно. Тухайлбал Дархан-Уул аймгийн түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газар, аяллын маршрут, эвент үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэгчид зэрэг мэдээллийг нэг дор цуглуулж, хэрэглэгчдэд хялбар хүргэнэ.
Жуулчдын онлайн захиалга, төлбөрийн шийдэл бий болно. Ингэснээр жуулчид үйлчилгээгээ сонгон захиалах, төлбөр төлөх зэргийг шууд хийж, хэрэглэгчид нэг дороос мэдээллээ авна.
Орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ. Тур оператор, зочид буудал, ресторан, малчны кемп, соёлын биет болон биет бус өвлөн уламжлагчид, жолооч, хөтөч, зоогийн газар зэрэг бүхий л үйлчилгээ эрхлэгчид платформд бүртгэгдэж, өөрсдийн үйлчилгээг сурталчилж, зах зээлээ өргөжүүлэх боломжтой болно.
Дархан-Уул аймагт үүсэх гол давуу
тал нь орон нутгийн аялал жуулчлалын орлого өснө. Үйлчилгээ
эрхлэгчдийн захиалга нэмэгдэж, жуулчдын тоо өсөхийн зэрэгцээ мөнгөн урсгал орон
нутагт үлдэнэ.
Олон улсын зах зээлд илүү харагдах боломж. Цахим орчинд нээлттэй байршсанаар гадаадын жуулчид аймгийн аяллын боломжийг шууд харах, сонгох боломжтой болно.
Жуулчдын туршлага сайжирна. Чанартай
үйлчилгээ, ил тод үнэлгээ, найдвартай мэдээлэлтэй орчинд жуулчдын сэтгэл ханамж
нэмэгдэж, дахин ирэх, танилцуулах хандлага өснө.
Ажил эрхлэлтийг дэмжинэ. Аялал жуулчлалын үйлчилгээ өргөжихийн хэрээр орон нутгийн ажлын байр нэмэгдэж, орлоготой иргэдийн тоо нэмэгдэнэ.
Энэхүү дэд платформыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймаг нь зөвхөн дотоодын төдийгүй олон улсын жуулчдын анхаарлыг татах, аялал жуулчлалаа эдийн засгийн томоохон тулгуур салбар болгон хөгжүүлэх уламжлал, орчин үеийн шийдлийг хослуулсан жишиг бүс болж байна.
Уг платформыг ашиглах заавар,
сургалт, үйлчилгээний бүртгэл болон маркетингийн дэмжлэгийг "Их нүүдэлчдийн эрин" ХХК-ийн Nomadism баг хариуцан зохион байгуулж байна.